“Экологи-2013” сэдэвт эрдэм шинжилгээний үндэсний бага хурал боллоо

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 1987 оны 202 тоот тогтоолоор МУИС-ийн судалгаа шинжилгээний ажлын хэтийн төлөв, чиг хандлагыг шинэчлэн тодорхойлж, орчин цагийн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээний ажил явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангах зорилт дэвшүүлсэн юм. Энэ тогтоолыг үндэслэн МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн Экологийн тэнхимийг Экологийн лаборатори нэртэйгээр 1988 онд байгуулсны 25 жилийн ой өнөө жил тохиож байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус тэнхимээс “Экологи-2013” эрдэм шинжилгээний үндэсний бага хурлыг 2013 оны 3-р сарын 29-нд зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний бага хурлыг нэгдсэн хуралдаан, ханын илтгэл зэрэг нийтлэг арга хэмжээнээс гадна “Ногоон хөгжил” (БОНХЯ, АНУ-ын Азийн сантай хамтран), “Доройтсон экосистемийн нөхөн сэргээлт” (Оюу Толгой ХХК-тай хамтран), “Биологийн олон янз байдал, экологи, хамгаалал” сэдэвт салбар хуралдаануудтайгаар зохион явуулж, нийт 50 илтгэл хэлэлцэв.

DSC_0249Эрдэм шинжилгээний бага хуралд Байгаль орчин ногоон хөгжлийн яам; Ус цаг уур, орчны хүрээлэн; ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн; Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS); Зэрлэг амьтан судлах хамгаалах төв; ХААИС-ийн Экологи, технологи хөгжлийн сургууль, Экосистемийн судалгааны төв, Агробиологийн сургууль; ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн төв; МУБИС-ийн Байгалийн ухааны сургууль; Монос дээд сургууль; Этүгэн дээд сургууль; Оюу Толгой ХХК; Монгол алт ХХК; Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ); АНУ-ын Азийн сан; Швейцарийн хөгжлийн агентлаг; Чингис хаан олон улсын нисэх буудал; Ирвэс хамгаалах сан; Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн; МУИС-ийн  Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Экологийн боловсролын төв, ГГС, ББС зэрэг байгууллагын төлөөлөл болох 150 орчим хүн оролцсон нь Монгол орон дахь экологийн судалгаа, боловсрол, хэрэглээний түвшинг тодорхойлох хэмжээний хурал боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэхэд хүргэж байна.

for web2for web3Эрдэм шинжилгээний бага хурлын үед удаан хугацааны экологийн судалгаа, тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийн үзэл баримтлал, нөхөн сэргээлтийн тулгамдсан асуудлууд зэрэг олон талт асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хуралдааны дүнд гарсан санал дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр зохион байгуулах комисс ажиллаж байна.

Хурлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МУИС, БОНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нидерландын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй АНУ-ын Азийн сангийн хөтөлбөр, Оюу Толгой ХХК, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS) зэрэг байгууллага, дэмжиж ажилласан хувь хүмүүс, төгсөгчид болон гадаадад ажиллаж сурч буй багш нартаа гүн талархал илэрхийлье.

 

МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхимийн хамт олон

“Экологи-2013” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар