Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” /ИТДБ/ төсөл 2014-2026 он хүртэл хугацаанд хэрэгжиж байна. Тус төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн судалгааны тэргүүлэх 4 чиглэлийн 10 судалгааны баг хамрагдсан байна.
Энэхүү хамтарсан судалгааны хөтөлбөрийн зорилго нь МУИС-ийн багш, судлаачдыг Япон Улсын тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээ хийлгэх, ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдмийн зэрэг, туршлагатай хүний нөөцийг бэлтгэх, улмаар сургалт, судалгааны ажлын агуулга чанар, дэд бүтэц, орчныг сайжруулж улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
ИТДБ төслийн хамтарсан судалгааны хөтөлбөр нь судалгааны тэргүүлэх чиглэл болох Биотехнологи, Нанотехнологи, Сэргээгдэх эрчим хүч, Цэвэр энергийн технологи, Микроэлектроник мэдээлэл холбооны технологийн чиглэлээр МУИС-ийн хамтарсан судалгааны 10 багийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжиж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн тэргүүлэх зорилтын нэг болох хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах зорилтын хүрээнд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 200-аад багш, судлаач Японы хамтрагч их сургуулиудад магистр, докторын хөтөлбөр болон богино хугацааны зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ МУИС дээр Япон Улсаас 100 гаруй зочин судлаач уригдан ажилласан байна.
МУИС-ийн ИТДБ төслийн хамтарсан судалгааны багууд судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээрээ Web of Science, Scopus-д индекстэй болон бусад олон улсын хянан магадалгаа бүхий мэргэжлийн сэтгүүлд 200 oрчим өгүүлэл, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 90 гаруй өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд 224, дотоодын хуралд 190 илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ, оюуны өмчийн 36 эрхийг авч, 5 гарааны компани байгуулсан байна.
Тус төслийн зэргийн бус сургалтын хөтөлбөрт 2024 он болон 2025 оны эхний хагас жилд хамрагдсан 30 судлаач өөрсдийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайланг их сургуулийн ажлын хэсэг болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамтарсан багт танилцуулах үйл ажиллагаа 2025 оны 5 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан судлаачдын гүйцэтгэсэн ажлын зарим онцлох үр дүнгээс дурдвал ИТДБ төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны технологийн хэрэглээ ба инженерчлэл” сэдэвт хамтарсан судалгааны багийн гишүүн Инженер технологийн сургуулийн дэд профессор Э.Пүрэвдалайгийн үүсгэн байгуулсан “Чин ганц” гарааны компани Японы 100 гаруй жилийн түүхтэй Токио-Рикоша ХХК-тай сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт дээр хамтран ажиллах, цаашлаад зах зээл, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтарсан судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ажлуудын нэг болохыг онцолж байна.
МУИС-ийн ИТДБ төслийн ажлын хэсэг