МУИС “Олон нийтийн харилцаа, мэдээлэл” хөтөлбөрөөр анх удаа элсэлт зарлалаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нь 2025-2026 оны хичээлийн жилд “Олон нийтийн харилцаа, мэдээлэл” (Mass Communication, information) бакалаврын хөтөлбөрийг шинээр нээж байна.

Монгол Улсын түүхэнд анх удаа нээгдэж буй “Олон нийтийн харилцаа, мэдээлэл” хөтөлбөрт 30 оюутан элсүүлнэ.

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нь тус хөтөлбөрийг боловсруулахдаа дэлхийн шилдэг 5 их сургуультай харьцуулсан бөгөөд ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллажээ. Хөтөлбөрийн 2025 оны 3-р сард Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр урьдчилан магадлуулж, 5-р сард Боловсролын яамнаас шинээр хөтөлбөр нээх тусгай зөвшөөрлөө авсан байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь “Олон нийтийн харилцааны үзэл баримтлалын үндсэн мэдлэг, онолыг судалж эзэмшсэн, нийгмийн мэдээллийн харилцааны зүй тогтол, чиг хандлага, үйл явц, үзэгдлийн харилцан хамаарлыг таньж мэддэг, нийтлэл, нэвтрүүлгийн аль ч төрөл зүйлээр бүтээл туурвих мэдлэг, ур чадвартай, салбар, байгууллагын хамт олондоо манлайлагч, нийгмийн оюун санаа, олон нийтийн санаа бодолд эерэг нөлөө үзүүлэх эрмэлзлэл, цогц чадамж бүхий мэргэжилтнийг бакалаврын түвшинд бэлтгэх”-д оршино.

Олон нийттэй харилцах мэргэжилтний эрэлт хэрэгцээ Монгол Улсын хувьд өндөр байгаа нь хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн судалгаагаар тогтоогдсон байна. Mass Communication бол дэлхий дахинд өргөн тархсан, эрэлттэй, нэр хүндтэй, нийгмийн өндөр ач холбогдолтой мэргэжлийн салбар юм.

Хөтөлбөр болон элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс авна уу. https://dep.num.edu.mn/szonh/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар