Эмгэнэл | Хэрээд Жамсрангийн Баясах /1956 – 2025/

Share Button

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, бидний эрхэм хүндэт багш Жамсрангийн Баясах 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлэн, Монголын шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.

Тэрбээр 1956 онд Улаанбаатар хотод түүхч Л.Жамсрангийн ууган хүү болон төрсөн, 1973 онд Зөвлөлтийн гуравдугаар дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг “Дорно дахины түүх, хятад судлаач” мэргэжил эзэмшин төгссөн юм. Ажлынхаа гарааг ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, улмаар 1982 оноос МУИС-ийн Гадаад хэлний тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн амуй. 1989 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд дэд эрдэмтний зэргийг “Өмнөд Сүн улсын элч нарын тэмдэглэл XIII зууны Монголын түүх, угсаатны зүйн сурвалж болох нь” сэдвээр, 2004 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Их Монгол улсын түүхэнд холбогдох хятад хоёр сурвалж бичиг” сэдвээр Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1993 онд МУИС-ийн дэд профессор, 1997 онд МУИС-ийн профессор цол хүртсэн.

Профессор Ж.Баясах нь 1991 онд Олон улсын харилцааны Дээд Сургуулийг  МУИС-д үүсгэн байгуулан, эх орондоо Олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэх үүсгэлийг тавьсан бөгөөд тус сургуулийн захирлыг 1999 он хүртэл хийжээ. 1999-2018 онд МУИС-ийн ОУХС-ийн тэнхимийн эрхлэгч, 2018-2019 онд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, 2018-2019 онд Гадаад Хэргийн Яаманд “Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2024 оноос Монгол-Хятадын хамтарсан дээд сургуульд гэрээт багш, Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр нэгэн сэдэвт бүтээл, ном 11, хамтын бүтээл 11, сурах бичиг 2, судалгааны өгүүлэл 78-ийг монгол, англи, орос, хятад хэлээр бичиж нийтлүүлсэн, орчуулгын бүтээл 23, ярилцлага  болон сурталчилгааны өгүүлэл 35, хянан тохиолдуулсан бүтээл 22, олон улсын төсөл 5-ийг удирдан хэрэгжүүлсэн байна. Гадаадын  15 оронд уригдан лекц уншсан, Зочин судлаач болон зочин профессороос 5 оронд ажилласан, мөн гадаадын  5 орны судалгааны байгууллага болон Их Сургуулийн Хүндэт доктор, Зөвлөх профессороор ажиллаж байсан Дэлхийд танигдсан эрдэмтэн байсан юм.

Түүний хөдөлмөрийг үнэлж төр, засгаас 1996 онд Засгийн газрын Хүндэт жуух, 2002 онд Алтан гадас одон, 2015 онд Монгол Улсын Гавьяат багш цолыг олгожээ.

Монгол Улсын Гавьяат багш, нэрт эрдэмтэн Ж.Баясах таны шинжлэх ухаан, боловсрол, гадаад харилцааны хөгжилд оруулсан үлэмж хувь нэмэр, хүнлэг сайхан чанар, гэгээн дүр тань бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

 

Монгол Улсын Их Сургууль

Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

Олон улсын харилцааны тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар