“Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” хөтөлбөрийн дөрөв дэх модуль сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Парк болон Төрийн банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч 40 эмэгтэйд зориулан хэрэгжүүлсэн “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” цогц хөтөлбөрийн дөрөв дэх модуль сургалт 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөр нь нийт 4 долоо хоногийн хугацаанд үргэлжилж, стратеги, менежмент, санхүү, манлайлал, инновац зэрэг олон чиглэлийг хамарсан цогц сургалт, мэргэжлийн арга зүйгээр баяжуулагдан хэрэгжсэн юм. Энэ удаагийн модуль сургалтаар оролцогч бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Санхүүгийн удирдлага” болон “Оюуны өмч ба бизнес” сэдвийн хүрээнд төсөв, ашгийн тооцоо, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох аргачлал, мөн оюуны өмчийн эрхийн хамгаалалтын ач холбогдол, түүний бизнесийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар онол-практикийн мэдлэг, ур чадварыг эзэмшлээ. Сургалт нь онолын мэдээллийг практикт тулгуурлан гүйцэтгэх бодит даалгавар, хэлэлцүүлэг, харилцан интерактив оролцоонд суурилсан байдлаараа онцлог байв.

Хөтөлбөрийн хүрээнд өмнөх гурван долоо хоногийн модуль сургалтуудаар стратегийн төлөвлөлт, борлуулалтын стратеги, байгууллагын менежментийн орчин үеийн хандлага, дижитал шилжилт, талент менежмент болон эмэгтэй удирдагчдын манлайллын хэв маяг зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийг хамарч, оролцогчдын менежментийн сэтгэлгээ, системийн хандлага, манлайллын чадамжийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, дасгал, бүлгийн ажлууд үр дүнтэй өрнөсөн билээ.

Дөрвөн долоо хоногийн турш үргэлжилсэн энэхүү модульчилсан сургалтын хөтөлбөр нь оролцогчдын стратегийн болон санхүүгийн удирдлагын мэдлэгийг тэлэхээс гадна тэдний байгууллагад инноваци, тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж, салбар хоорондын сүлжээг өргөжүүлэх чухал платформ болж байна.

Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид сертификат гардан авч, хамрагдсан сургалтаа амжилттай дүгнэлээ. Энэхүү хөтөлбөрт амжилттай хамрагдсан нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ цаашдын бизнесийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, хэрэгжилтэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар