Бизнесийн экосистемийг шинэ шатанд хүргэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн шинэ хандлага, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, туршлага солилцох зорилгоор Төрийн банкны Бизнес инкубатор төв болон МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк хамтран “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг 6 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтанд гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгч 100 гаруй эмэгтэй оролцож, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, зөвлөхүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, практикт бизнесээ тэлэх, шинэ санаа, шийдлийг хэрэгжүүлэх боломжуудтай танилцав.
Чуулганы үеэр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, төрийн банкны явуулын үйлчилгээ, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид салбар дундын хамтын ажиллагаа, шинэ түншлэлүүдийг бий болгох орчинд хамтдаа сэтгэж, хамтдаа хөгжих боломжийг олж авлаа.
Чуулганы үеэр тавигдсан онцлох илтгэлүүд:
- Б.Жавзандорж, Доктор (Ph.D) –“Ember cyber service” ХХК-ийн Ерөнхий захирал:
Сэдэв: “Бизнесийн орчинд хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдал”
- Д.Батхорол – Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн:
Сэдэв: “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын танилцуулга”
- Ш.Наранмандах, Доктор (Ph.D), профессор – МУИС-ийн Технологи дамжуулах төвийн эрхлэгч:
Сэдэв: “МУИС-ийн дэргэд бойжиж буй Стартап компаниудын танилцуулга, хөгжиж ирсэн түүх, туршлага”
- Э.Энхмаа – “Төрийн банк” ХК-ны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн:
Сэдэв: Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ
- Б.Чанцалдулам – “Юргана индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Ургана” брэндийн үүсгэн байгуулагч:
Сэдэв: “Бизнесийн амжилт, брэндийн өсөлт”
- М.Ариуна, Доктор (Ph.D) – “Монхимо” ХХК-ийн Ерөнхий захирал:
Сэдэв: “Бизнесийн салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн туршлагаас хуваалцах нь”
.
Хэлэлцүүлэг, панелын хэсэг:
Чуулганы модератороор “Science Café”-н гүйцэтгэх захирал Э.Анар ажиллаж, панелистаар салбартаа туршлагатай бизнес эрхлэгчид болох “Ember cyber service” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзандорж, “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа, “СХД-ийн ЖДҮ дэмжих төвийн мэргэжилтэн Д.Уянга нар оролцлоо. Тэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, шийдэл олох арга зам, зах зээлд шинэ санааг хэрхэн амжилттай нэвтрүүлэх талаар санал бодлоо хуваалцсан нь чуулганы онцлох хэсгүүдийн нэг байв.
Чуулган илтгэл, панел хэлэлцүүлэг, асуулт – хариулт, үзэсгэлэн, бизнесийн танилцуулга, төрийн банкны явуулын үйлчилгээ зэрэг олон хэлбэрээр өрнөж, оролцогч эмэгтэйчүүдэд шинэ мэдлэг, хэрэгжүүлж болох бодит туршлага, урам зориг өгсөн, үр дүнтэй арга хэмжээ боллоо.
“Хамтдаа мөрөөдсөн, хамтдаа нөлөөлсөн, хамтдаа хөгжсөн” энэхүү өдөр бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын хүч, хариуцлагатай манлайллын тод илэрхийлэл болсон бөгөөд тэдний оролцоо, санаачилгыг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааны эхлэл байв.
МУИС-ийн 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд инновац, гарааны бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийг түүчээлэх зорилго тодорхой тусгагдсан бөгөөд энэхүү чуулга уулзалт нь энэ зорилтыг хэрэгжүүлэх бодит жишээ болж байна.