Монгол Улсын Их Сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг төгсөгч шалгаруулах ёслолын ажиллагаа” боллоо.
2025 оны “Шилдгийн шилдэг төгсөгч” -өөр Ц.Төгсхүслэн, Г.Эрмүүн нар тодорлоо. Тэд бол зөвхөн амжилттай суралцсан төдийгүй эрдэм шинжилгээ, нийгмийн манлайлал, олон улсын солилцооны хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, МУИС-ийн нэр хүндийг олон улсад таниулсан оюутнууд юм.
Ц.Төгсхүслэн нь Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрөөр суралцаж төгссөн. Судалгааны чиглэл нь байгаль орчны инженерчлэл, микробиологи, металлургийн хими, биотехнологи гэх мэт хэрэглээний чиг хандлагатай сэдвүүдийг хамарсан. Дараах өгүүллийг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд үүнд:
- Металл агуулсан хаягдал боловсруулах судалгаа
- Био-уусгах үйл явц дахь бактериудын нөхцөл зэрэг хамаарна.
Дэлхийн генийн санд өөрийн нэрээр 2 шинэ бактерийн омог бүртгүүлсэн нь шинжлэх ухаанд оруулж буй бодит хувь нэмэр юм. “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шилдэг оюутан” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн.
Г.Эрмүүн нь Байгалийн ухааны салбарын Химийн хөтөлбөрийг төгссөн. Голч дүн өндөр, мэргэжлийн гүнзгий мэдлэгтэй, онол-практикийн мэдлэгээ хослуулан олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадвартай төгсөгч болох нь олон эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн амжилтаас тод харагдана. ICASE 2025 болон NUM–Мияазаккийн их сургуулийн хамтарсан олон улсын хуралд илтгэгчээр оролцсон нь судалгаагаа олон нийтэд илэрхийлэх, олон улсын хамтын ажиллагаанд оролцох чадвартайг харуулж байна. Франц хэлний олимпиад, илтгэлийн тэмцээнд олон байр эзэлсэн нь гадаад хэлний өндөр мэдлэгтэй, олон талт авьяастай төгсөгч болохыг баталж байна.
Орон нутгийн салбарын шилдэг төгсөгчөөр МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн төгсөгч Ч. Буяннэмэх шалгарлаа. Оюутны манлайлал, сурлагын амжилт, нийгмийн идэвх, бүтээлч оролцоо зэргийг хослуулсан үлгэр жишээ төгсөгч юм. Тэрээр “Зочинтой ярилцлага” подкастыг санаачлан хамт олонтойгоо хэрэгжүүлсэн нь орон нутгийн соёл боловсролын оролцоог дээшлүүлсэн томоохон ажил болсон.
- Шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэлгээ, гүнзгий мэдлэг, академик амжилтаар тодорсон Б.Баяржавхлан /Программ хангамж/, П.Мөнгөнтулга /Геологи/, Т.Мөнгөнцэцэг /Мэдээллийн технологи/, У.Баттөвшин /Төрийн удирдлага/ нар “ Шилдэг Оюунлаг төгсөгч” -өөр шалгарлаа.
- Шинийг эрэлхийлэгч, судалгааны арга зүйд бүрэн эзэмшсэн, бүтээлч сэтгэлгээрээ манлайлан “Шилдэг судлаач төгсөгч”-өөр Т.Алтанцэцэг /Санхүү менежмент/, Т.Жавзанжамъян /Эдийн засаг/, А.Энгүүн /Санхүү/, Г.Маргад /Эрх зүй/ нар шалгарлаа.
- Уран илтгэл, дуу хөгжим, бүжиг, улсынхаа нэр төрийг олон улсад түгээж олон төрлөөр авьяасаа нээн харуулсан Э.Энхжин /Эрх зүй/, М.Дөлгөөн /Менежмент/, Б.Эрдэнэсувд /Улс төр судлал/ “Шилдэг авьяаслаг төгсөгч” -өөр шалгарлаа.
- МУИС-ийн спортын нэр хүндийг дотоод, гадаадын тэмцээн уралдаанд бататгаж ирсэн Н. Буянжаргал /Эрх зүй/ , Б. Баярчимэг /Газар зүй /, Л. Мөнхнар /Гадаад хэл, Америк орон судлал / нар “Шилдэг спортлог төгсөгч” -өөр шалгарлаа.
- Нийгэм хүмүүнлэгийн үзэл санааг хэрэгжүүлж, сайн дурын байгууллагад идэвхтэй ажилласан Т.Кымбат /Сэтгэл судлал / , Б.Дэлгэрмаа /Олон улсын харилцаа/, Э.Мөнхболор /Эрх зүй/ нар “Шилдэг нийгмийн зүтгэлтэн төгсөгч” -өөр шалгарлаа.
Тэд хэлэхдээ “Шилдэг төгсөгчдийн амжилт” бол зөвхөн тухайн хувь хүний хичээл зүтгэлээр зогсохгүй, МУИС-ийн эрдэмтэн багш нарын заах арга барил, сургалтын орчныг ч илтгэн харуулж буй бодит үнэлгээ юм гэснийг онцлон дурдахад таатай байна.
Тэдний дараагийн алхам нь Монголын ирээдүйд хувь нэмэр оруулах оюуны хөрөнгө оруулалт байх нь гарцаагүй.