“Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрийн хүрээнд менторын уулзалт, зөвлөгөө зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрийн хүрээнд менторын уулзалт, зөвлөгөөг 2025 оны 06-р сарын 13-ны өдөр МУИС-ийн Багш Оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн менторын уулзалтад Рио Тинто Монгол компанийн экспертүүд оролцож, зөвлөгөө өгснөөрөө онцлогтой байлаа.

Ментор Б.Өсөхбаяр нь компанийн хөрөнгийн удирдлага болон SPS хөтөлбөрийн технологийн шийдлийг компанийн стратегитэй уялдуулах, сайжруулах, их өгөгдөл боловсруулах, тайлагнах чиглэлээр Рио Тинто Монгол компанид 10 жил ажилласан туршлагатай юм. Тэрээр багуудад асуудал шийдвэрлэх орчин үеийн арга барил болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар үнэтэй зөвлөгөөг өгөв.

Ментор Х.Өлзийжаргал нь Рио Тинто Монгол компанид 2021 оноос эхлэн компанийн хэмжээнд ашиглагдаж буй аналитик платформуудын хэвийн найдвартай ажиллагаа, тэдгээрийн тасралтгүй сайжруулалтыг хариуцан ажиллаж иржээ. Тэрээр Банк санхүү, уул уурхайн салбарт сүүлийн 9 жилийн турш системийн инженерчлэл, их өгөгдлийн технологийн хэрэгжүүлэлт, өгөгдлийн шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагаасаа хуваалцаж, хөтөлбөрт хамрагдагч багш, оюутнуудад баг бүрдүүлэлт, багийн менежмент, үйл ажиллагааны талаар олон чухал зүйлийг хэлж өгөв.

Менторын уулзалт, зөвлөгөөний дараагийн хэсэгт МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн Б.Сарантуяа, С.Мөнхжаргал нар багуудыг хоёр бүлэгт хуваарилан авч, тэдний төслийн явцтай танилцаж, тулгарч буй асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөгөө өгч ажиллалаа. Менторууд маань цаашид багуудтай тогтмол хамтран ажиллаж, зөвлөн туслахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр багууд өөрсдөд тулгарч буй асуудлаа ярилцаж, асуудал шийдвэрлэх арга аргачлалаас суралцаж, төслийн санаагаа хөгжүүлэх, бизнес загвараа сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөтөлбөрт оролцогч багш, оюутнууддаа өндөр амжилт хүсье.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

77307730 – 5310

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар