МУИС-ийн Антропологи, археологийн салбар үүссэний 30 жилийн ойд зориулсан бакалаврын түвшний оюутны “ЭРТНИЙ СУДЛАЛ-МИНИЙ СОНГОЛТ” эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Share Button

МУИС-ийн Антропологи, археологийн салбар үүссэний 30 жилийн ойд зориулсан бакалаврын түвшний оюутны 

“ЭРТНИЙ СУДЛАЛ-МИНИЙ СОНГОЛТ” эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 

Нэг. Зорилго

МУИС-ийн Антропологи, археологийн салбар үүссэний 30 жилийн ойд зориулан бакалаврын түвшний оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил эзэмшүүлэх, оюутны шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд тус хурлын үндсэн зорилго оршино.

Хоёр: Хамрах хүрээ

Монгол улсын их, дээд сургуулийн эртний түүх, археологийн чиглэлээр сонирхон судалж бакалаврын түвшний оюутнууд хамрагдана. Хамтарсан илтгэл тавьж байгаа бол гишүүн тус бүрийн гүйцэтгэсэн үүргийг тэмдэглэл хэсэгт тодорхой дурдана.

Гурав: Хугацаа

Эрдэм шинжилгээний илтгэлийг 2025 оны 11-р сарын 11-ны Мягмар гарагт өглөөний 9:00 цаг хүртэл gantulga.j@num.edu.mn хаягаар явуулна. Хурал зохион байгуулагчид илтгэлүүдтэй танилцаж, 2025 оны 11-р сарын 15-ны Бямба гарагт өглөөний 9:00 цагаас өмнө дараагийн шатанд шалгарсан эсэх талаар хариу эмайл илгээх болно.

Эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11-р сарын 20-ны өглөө 9.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 220 тоот өрөөнд зохион байгуулна. Илтгэгч хуралд ирэхдээ илтгэлийн (power point) танилцуулгыг флаш диск дээр авчирна. Илтгэлийн танилцуулгыг 10 минутанд багтааж, дэлгэцээр танилцуулна.

Дөрөв: Илтгэлд тавигдах шаардлага

4.1 Илтгэл нь агуулгын хувьд дараах хэсгийг багтаасан байна. Үүнд:

  • Гарчиг
  • Судалгааны хураангуй (150 үг)
  • Түлхүүр 5 үг
  • Удиртгал (сэдвийг судлах хэрэгцээ; судлагдаагүй, дутуу судлагдсан, дахин судлах шаардлагыг тодорхойлсон тойм; дэвшүүлж буй шинэ санаа (аргумент), арга зүй) – нийт текстийн 10-20%
  • Судалгааны үндсэн хэсэг, шинэ санааг баталж буй үр дүн (2-3 дэд хэсэгтэй байж болно) – нийт текстийн 70-80%
  • Дүгнэлт (шинэ санаа, ач холбогдол) – нийт текстийн 5-10%
  • Ашигласан материал (цагаан толгойн дарааллаар, англи, монгол хэл тусдаа)

4.2 Бичилт, боловсруулалтын хувьд дараах шаардлагыг хангасан байна.

  • Илтгэл нийтдээ 6-8 хуудас байна.
  • Илтгэлийг MS Word дээр А4 цаас, фонт 12, мөр хоорондын зайг 1.15, хуудасны хүрээ ‘normal’ байна
  • Ишлэл, зүүлтийг APA стилээр хийх бөгөөд шаардлагатай бол зураг, график, хүснэгт ашиглаж болно. https://apastyle.apa.org/
  • Нүүр хуудсанд сэдэв, овог, нэр, цахим хаяг, утасны дугаар оруулна.

4.3  Дээрх үндсэн шаардлагыг хангаагүй бол илтгэлийг хэлэлцүүлэхгүй.

Тав: Шалгаруулах журам

Илтгэл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хуралд тавигдсан илтгэлүүдийг дараах шалгуурын дагуу, нийт 100 хүртэлх оноогоор дүгнэнэ. Үүнд:

  • Шинэлэг санаа, түүнийг баталж буй байдал (30 оноо)
  • Судалгааны арга зүй (30 оноо)
  • Дата анализ, бичиглэл (20 оноо)
  • Илтгэх ур чадвар (20 оноо)

Зургаа: Шагнал

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдоос 1-3 байр, тусгай байр 2-ийг шалгаруулж, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс гаргах 1,000,000 төгрөгийн шагналын сантай мөнгөн шагнал, ном, өргөмжлөл олгоно.

Долоо: Бусад

Илтгэл хэлэлцүүлээгүй болон сонирхсон оюутнууд Эрдэм шинжилгээний хуралд ажиглагчаар оролцож болно.

 

МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн

 

Жич: APA ишлэлийг дараах байдлаар хэрэглэнэ.

Дам ишлэлийг:

Өөр судлаачийн гаргасан санааг ашиглах гол арга нь ишлэх явдал (Дорж, 1998, х.112) бөгөөд бусдын санааг хуулахаас сэргийлж буй явдал юм.

Шууд ишлэлийг:

Доржийн (1998) хэлснээр “ишлэл бол бусдаас авсан санааг судалгаанд хэрэглэх арга” (х.112) бөгөөд судлаачийн ёс зүйтэйг харуулдаг.

гэж хэрэглэнэ. Ном зүйг дараах байдлаар бичнэ.

Дорж, Ц. (1998) Судалгаа хийхэд анхаарах зүйлс, ишлэл зүүлт. Антропологи, археологи, угсаатны зүйн сэтгүүл, 5 (1), х. 5-16.

Дорж, Ц. (2000) Судалгааны арга зүйн гарын авлага, Бэмби хэвлэлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар