Талархал

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээхээр шийдвэрлэжээ.

МУИС-ийн Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөл болон МУИС-ийн эрдмийн хамт олны зүгээс гүн хүндэтгэлт багш танд халуун баяр хүргэж, эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.

МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл 1975 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөн, тухайн жилдээ төрөлх сургуульдаа багшилж эхэлсэн манай их сургуулийн төгсөгч бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 дахь жилдээ багшилж буй Монголын үе, үеийн хуульчдын багш билээ. Тэрбээр МУИС-д багшлах хугацаандаа бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдад хууль зүйн онол, практикийн өндөр түвшний мэдлэг олгохын зэрэгцээ гадаад, дотоодын 30 гаруй судлаачийн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн удирдагчаар ажиллаж, хууль зүйн салбарын шилдэг эрдэмтдийг бэлтгэн гаргасан байна. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар 10 гаруй жил ажиллахдаа хууль зүйн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийн ур чадварыг хөгжүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллажээ.

Профессор С.Нарангэрэл хууль зүйн салбараас анх удаа ШУА-ийн жинхэнэ гишүүн буюу академич хэргэм хүртсэн хуульч эрдэмтэн бөгөөд Монголын хууль зүйн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан, дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй судлаач юм. Түүний хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн гавьяаг үнэлэн Японы Нагояагийн их сургууль Хүндэт доктор цолоо 2005 онд хүртээжээ.

Академич С.Нарангэрэлийн бүтээлүүд Англи, Орос, Хятад, Герман, Казах, Япон, Солонгос хэлнээ хэвлэгдэж нийтийн хүртээл болсон байдаг.

С.Нарангэрэл хууль зүйн шинжлэх ухааны онолын суурь бүтээлүүдийг туурьвисан даацтай эрдэмтнээс гадна Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулиар байгуулагдсан парламентийн гишүүнээр сонгогдон ажилласан улс төрч төдийгүй Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хууль зүйн салбарын онол, практикийн хос морьтой нэрт зүтгэлтэн мөн.

Профессор С.Нарангэрэл сүүлийн 20 гаруй жил Чингис хааны ёс суртахууны талаар судалгаа, шинжилгээний ажил хийж “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх бүтээлийг туурвин Төрийн шагнал хүртсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч түүний бүтээлүүдийг “Монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл” хэмээн зарлигтаа дүгнэсэн байдаг юм.

Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл танд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж буйд дахин баяр хүргэн гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье.

Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар