МУИС-ийн Инженер, технологийн сургууль (ИТС) болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (Inner Mongolia University of Science and Technology)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 14–25-ны өдрүүдэд Инженер, технологийн сургууль (ИТС), Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн (УТСОУХНУС) багш, суралцагчид “Олон улсын зуны сургалт”-д амжилттай оролцлоо.


Тус зуны сургалтад МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, Био-инженерчлэл, Химийн инженерчлэл, Сэргээгдэх эрчим хүч, Ойн аж ахуй, Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд, мөн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцаа, Улс төр судлалын хөтөлбөрийн оюутнууд оролцож, мэргэжлийн болон академик мэдлэгээ өргөжүүлэн, олон улсын орчинд туршлага солилцлоо.
Зуны сургалтын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн ИТС-ийн захирал, профессор Ч.Сономдагва, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, профессор С.Мөнхбат нар оролцож, сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллав. Мөн НЭХИТ-ийн лаборант Г.Мөнх-Очир мэргэжлийн чиглэлээр хичээл зааж, оролцогчдод онолын мэдлэгээ практиктай уялдуулан эзэмшихэд хувь нэмэр орууллаа.

Тус сургалтад Монгол Улс, БНХАУ, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Их Британи зэрэг нийт 9 орны их, дээд сургуулийн оюутан, судлаачид оролцсон нь оролцогчдод олон улсын академик орчинд суралцах, харилцан туршлага солилцох, шинэ харилцаа холбоо тогтоох өргөн боломжийг бүрдүүлсэн юм.

Сургалтын онцлох хэсэг нь онолын мэдлэгийг бодит үйлдвэрлэл, байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн практиктай хослуулсан танилцах аялал, дадлага байлаа. Оролцогчид танхимын лекц, семинарын зэрэгцээ дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Yili үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, экологийн нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг M-Grass Seedling Factory, Kubuqi Desert-ийн ойжуулалт, цөлжилттэй тэмцэх ажлууд болон Baogang Steel Group-ийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцан, мэргэжлийн чиглэлээрээ практик мэдлэг, туршлага хуримтлууллаа.
Ийнхүү энэхүү олон улсын зуны сургалт нь оролцогч оюутнуудад мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, соёлын харилцан ойлголцол, туршлага солилцоог өргөжүүлэх үнэ цэнтэй боломж болсон юм.

Цаашид МУИС болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан, багш, судлаачдын академик солилцоо, хамтарсан сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү зуны сургалт чухал ач холбогдолтой алхам боллоо.

