Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн (GIS Day) өдрийг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхимийн Зайнаас тандан судлал (ЗТС), Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн профессорын баг, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ГМС–Зурагзүйн салбар, Зайнаас тандан судлал, ГМС-ийн судалгааны лаборатори хамтран “Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл – 2025” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хурал 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13:00 цагт, МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхимд амжилттай болж өнгөрөв. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү хурал өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй, бакалавр, магистрант, докторантын түвшний оролцоо нэмэгдсэнээр онцлог байв.
Энэ удаагийн хурлаар МУИС, ШУТИС, ДХИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний нийт 15 илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн ГМС болон зайнаас тандан судлалын шинэ арга, технологи, судалгааны чиг хандлагын талаар өргөн хүрээнд санал солилцов.


“Газарзүйн мэдээллийн систем,зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл-2025” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд дараах оюутнууд өөрсдийн хийсэн судалгаагаараа шалгарлаа.
Магистрант, Докторантын түвшинд:

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн магистрант Ma Zhenjiang (Мөрөн) “Рельефийн хэв шинжид тулгуурлан Сэлэнгэ мөрний сав дагуух ХАА-н бүсэд хиймэл нуур байгуулах боломжийг тодорхойлох судалгаа” сэдвээр Тэргүүн байр,

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн магистрант Г.Нандин-Эрдэнэ “Хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх тохиромжтой байршлыг ГМС-д тулгуурлан зураглах нь: (Говийн бүсийн жишээн дээр)” сэдвээр Дэд байр,

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн докторант Н.Нямхүү, Б.Мөнхтөр, В.Баярмаа “Бэлчээр ашиглалт болон бэлчээрийн ачааллыг тооцоход газрын гадаргын онцлогийг харгалзан үзэх нь (Дархадын хотгорын жишээн дээр)” сэдвээр Гуравдугаар байруудад тус тус шалгарлаа.
Бакалаврын түвшинд:

Байгаль орчныг зайнаас тандан судлалын III түвшний оюутан А.Дөлгөөнөө, Л.Амин-Эрдэнэ нар “ЗТС, ГМС-ийн аргыг ашиглан шороон шуурганы эх үүсвэр, тархалтыг тогтоож, түүний нийгэм-эдийн засгийн үр дагаврыг тооцох судалгаа” сэдвээр Тэргүүн байр,

Байгаль орчныг зайнаас тандан судлалын IV түвшний оюутан М.Дуламсүрэн, Ж.Мөнх-Эрдэнэ нар “Байр зүйн дэвсгэр зургийг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураглах” сэдвээр Дэд байр,

МУИС, Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхимийн I түвшний оюутан Р.Акпархаж, Ж.Мөнхтулга нар “Улаанбаатар хотын барилгын дээврийн нарны эрчим хүчний нөөцийн үнэлгээ” сэдвээр Гуравдугаар байруудад тус шалгарлаа.
Энэхүү хуралд илтгэлээ амжилттай ирүүлж, идэвхтэй хэлэлцүүлсэн нийт оюутнууд та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн өргөе. Ирээдүйн судалгааны ажил тань улам өрнөн дэлгэрч, шинэ мэдлэг, шилдэг бүтээлээр арвин байг.
Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори (GEO-iLAB),
МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим

