Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

МУИС-ийн профессор С.Дуламын Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Хөдөлмөрийн баатар цол хүртээн, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан байна.
МУИС-ийн удирдлагууд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн МУИС-ийн профессор С.Дуламд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөрийн баатар С.Дулам МУИС-ийн хэл бичгийн факультетыг 1973 онд төгссөн манай сургуулийн төгсөгч бөгөөд төгсмөгцөө төрөлх сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгч, профессороор 43 жил ажилласан нэрт эрдэмтэн билээ.



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн МУИС-ийн профессор С.Дулам танд эрдэм судлалын ажилд тань амжилт, эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.


