Хайж байна...

“COP17-Залуучуудын Загвар Хуралдаан”-ыг НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна

Share Button

Монгол Улсын Их Сургууль нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр, COP17 Ажлын албатай хамтран цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор “COP17-Залуучуудын Загвар Хуралдаан“-ыг 2026 оны 3 дугаар сарын 4-5-нд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Цөлжилтийн суурь конвенцын Талуудын 17-р Бага Хурлыг (COP17) залуучуудын түвшинд загварчлан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд оролцогч залуус дэлхийн улс орнуудын төлөөлөгчдийн дүрд орж, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, байгаль орчны засаглал болон санхүүжилтийн асуудлаар бодлогын мэтгэлцээн өрнүүлэн нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллах юм.

Хурлын гол зорилго нь залуучуудад цөлжилт, газрын доройтлын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, олон улсын дипломат харилцаа болон хэлэлцээрийн нарийн төвөгтэй явцыг биеэр мэдрүүлэхэд оршиж байна. Оролцогчид судалгаа шинжилгээ хийх, багаар ажиллах, олон нийтийн өмнө үг хэлэх болон дипломат ёс зүйн ур чадваруудад суралцахаас гадна Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд залуучуудын манлайллыг хэрхэн идэвхжүүлэх талаар шинэ санаа, шийдлүүдийг дэвшүүлэх болно. МУИС-ийн удирдлагуудын зүгээс энэхүү санаачилгыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд залууст онолын мэдлэгээ практик дээр хэрэглэх, эх дэлхийнхээ төлөө бодлого боловсруулагчдын түвшинд сэтгэх томоохон боломжийг олгож буйг онцолж байна.

Тус хурлаар цөлжилт, газрын доройтлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон санхүүжилт болон технологийн шийдэл зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд салбар хуралдаанууд болох бөгөөд шилдэг шийдэл гаргасан оролцогчдыг шалгаруулж урамшуулна.

“COP17-Залуучуудын Загвар Хуралдаан”-ыг сонирхсон залуучууд МУИС-ийн цахим хуудас www.num.edu.mn болон МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын сошиал медиа сувгуудаар бүртгүүлнэ.

Бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 3-9-ний өдрийг хүртэл орон даяар явагдана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар