Хайж байна...

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургуульд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Их Сургууль, “Жамцын Бадраа” сангийн зохион байгуулсан уг хуралд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Япон Улс зэрэг нийт таван улсын 15 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 33 илтгэгч Ж.Бадраагийн намтар, эрдэм судлал, уран бүтээлийн талаар 30 илтгэл хэлэлцүүллээ.

МУИС-ийн Эрдмийн танхимд 09:00 цагаас тус хурлын нээлтийн ёслол урлагийн тоглолтоор эхэлж, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир, Ж.Бадраагийн шавь Шон Хинтон, Ж.Бадраагийн ач, доктор Б.Цэцэнцолмон нар үг хэллээ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, шинжлэх ухааны доктор, профессор Н.Жанцанноров, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлж, дурсамжаа хуваалцав.

Тус хуралд эрдэмтэн судлаачид үндсэн хуралдаан, ардын билиг зүй, урлаг судлал, угсаатны хөгжим судлал болон утга зохиол судлал, намтар судлал, орчуулга зүй гэсэн хоёр салбар хуралдаанд илтгэл тавьж, Ж.Бадраагийн Монголын соёл, урлагийн салбарт оруулсан үнэт хувь нэмэр, тэр дундаа ардын билиг зүй, ардын урлаг судлал, угсаатны хөгжим судлал, яруу найраг, орчуулга зүй, монгол хэлний найруулга зүй зэрэг салбар дахь судалгаа, бүтээл туурвилыг орчин үеийн онол, арга зүйд тулгуурлан шинжилж, цаг үеийн нөхцөл байдалд нь салбар дундын судалгааг танилцуулсан болно.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрэл зургийн үзэсгэлэн, мөн сарын 20-ны өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 3 дугаар сарын 21-ний өдөр “Халуун элгэн нутаг минь” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт “Евгений Онегин” дуурийг тогложээ. Тус ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар