Хайж байна...

“Ирээдүйн эрдэмтэд” төслийн хүрээнд оросын эрдэмтдийн лекц, мастер класс зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургуульд А.С.Пушкиний нэрэмжит Оросын хэлний дээд сургуулийн хэрэгжүүлж буй “Ирээдүйн эрдэмтэд” төслийн хүрээнд Оросын тэргүүлэх эрдэмтдийн эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн лекц, мастер класс зохион байгуулагдлаа.

Мөн төслийн үр дүн, хэрэгжилтийн туршлага, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэх дугуй ширээний уулзалтыг 10 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулж, Монгол, Оросын талын төлөөлөл, багш, оюутан, залуу судлаачид санал солилцов.

Төслийн нээлтийн арга хэмжээ болов

“Ирээдүйн эрдэмтэд” төслийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний нээлт  МУИС- Эрдмийн танхимд боллоо.

Нээлтийн үеэр төслийн танилцуулга бичлэгийг оролцогчдод хүргэж, МУИС болон Оросын талын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэв.

 “Аливаа улсын ирээдүй бол түүний залуучууд юм. Энэхүү төсөл нь шинжлэх ухааны сэтгэлгээ бүхий залуу үеийг төлөвшүүлэх бат бэх суурь болно”  гэдгийг талууд санал нэгтэйгээр онцоллоо.

МУИС нь “судалгааны их сургууль” болох стратегийн зорилгынхоо хүрээнд эрдэм шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч буй бөгөөд дэлхийн шинжлэх ухааны үзэл санаа, чиг хандлагыг судалж, Монголын нийгэм, соёлын онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан шинэ арга барил, шийдлийг бий болгох нь их сургуулийн эрхэм зорилгын нэг хэсэг болохыг нээлтийн үеэр дурдлаа.

Оросын тэргүүлэх эрдэмтэд лекц уншив

Төслийн хүрээнд дараах оросын эрдэмтэд МУИС-ийн оюутнуудад байгаль орчин, математик, хэл шинжлэл, философи, агаар мандлын физикийн чиглэлээр лекц, мастер класс зохион байгууллаа. Үүнд:

  • Биологийн ухааны доктор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Уур амьсгал, экологийн системийн мониторингийн хүрээлэнгийн захирал Е.А. Головацкая “Намгархаг газар: байгаль болон хүнд үзүүлэх ач холбогдол” сэдвээр;
  • Физик-математикийн ухааны доктор, профессор, Новосибирскийн улсын их сургуулийн Олон улсын математикийн төвийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан М.В. Швидефски “Хэсэгчлэн эрэмбэлэгдсэн олонлогууд” сэдвээр;
  • Филологийн ухааны доктор, профессор Н.В. Малышева “Якут ба монгол: амьтдын нэр хоёр хэлний харилцааны талаар юу хэлж байна вэ?” сэдвээр;
  • Философийн ухааны доктор ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан А.В. Антипов   “Хос тоо”сэдвээр;
  • Физик-математикийн ухааны доктор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Уур амьсгал, экологийн системийн мониторингийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Е.В. Харюткина “Дэлхийн агаар мандлын бүтэц, динамик” сэдвээр тус тус лекц уншив.

Мөн орос хэл, орон судлалын чиглэлээр хэл шинжлэлийн ухааны доктор, профессор            Э.Н. Акимова, Л.В. Селезнева нар лекц, сургалт зохион байгуулсан бөгөөд лекцүүдийг МУИС-ийн холбогдох тэнхимийн багш нар мэргэжлийн өндөр орчуулан хүргэлээ.

Арга хэмжээний хүрээнд Оросын төлөөлөгчид болон МУИС-ийн төлөөлөл хоёр орны эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар ажил хэргийн уулзалт хийж, санал солилцов.

Төслийн үр дүн, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэв

10 дугаар сарын 1-ний өдөр “Ирээдүйн эрдэмтэд” төслийн дүн: үр дүн, туршлага, хөгжлийн хэтийн төлөв сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтаар төслийн хүрээнд зохион байгуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн лекц, мастер классын үр дүн, оролцогчдын идэвх, сонирхол, цаашид эрэлт хэрэгцээтэй байх шинжлэх ухааны чиглэл, арга хэмжээний хэлбэрийн талаар санал солилцов.

Түүнчлэн төслийн агуулга, зохион байгуулалт, хамрах хүрээг цаашид боловсронгуй болгох, Монгол, Оросын шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, дараах чиглэлүүдийг онцоллоо. Үүнд:

  • хамтарсан шинжлэх ухааны семинар, мастер классыг Монголын талын их дээд сургуулиудын эрэлт хэрэгцээнд зориулан зохион байгуулах;
  • залуу судлаач, докторантуудын оролцоог нэмэгдүүлэх;
  • төслийг тогтмол, урт хугацаанд хэрэгжүүлэх боломжийг судлах;
  • багш, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх;
  • хамтарсан судалгаа, боловсролын шинэ төсөл хэрэгжүүлэх.

Дугуй ширээний уулзалтын үр дүнд “Ирээдүйн эрдэмтэд” төслийг цаашид боловсронгуй болгох санал, зөвлөмжийг нэгтгэн, Монгол, Оросын шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашдын чиглэлийг тодорхойлохоор боллоо.

“Ирээдүйн эрдэмтэд” төсөл нь залуу үеийн шинжлэх ухааны сонирхлыг нэмэгдүүлэх, судалгааны шинэ чиг хандлага, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Монгол, Оросын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал санаачилга юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар