СУДЛААЧИЙН ӨНЦӨГ
Туул гол, түүний хөндийн газар доорх ус нь Улаанбаатар хотын унд-ахуй-үйлдвэрлэлийн усны гол эх үүсвэр төдийгүй хотын экосистем, уур амьсгалд чухал нөлөөтэй стратегийн нөөц юм. Ойрын өдрүүдэд Туул гол, хурдны авто замын төсөл зэрэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар мэргэжлийн судлаачийн байр суурийг хүргэж байна.
Туул голыг дагасан хурдны авто зам барих тухай асуудал эрчимтэй яригдаж, шүүмжлэл дагуулаад байна. Хурдны зам барих нь зөв эсвэл буруу гэхээс өмнө Туул голын экосистемийн өнөөгийн байдал ямар түвшинд байгааг танаас асуумаар байна. Сүүлийн жилүүдэд гол тасалдах, ширгэх, эргийн ургамал устах зэрэг асуудал их яригддаг болсон. Мэргэжлийн хүний хувьд та энэ сав газрын экосистемийг хэрхэн үнэлж байна вэ?
-Туул гол маань Хэнтийн нуруунаас эх авч, Орхон голд цутгаад, цааш Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Гадаргын усны бохирдлын асуудлыг авч үзвэл, Тэрэлжийн орчмоос эхлээд аялал жуулчлалын баазуудын ачаалалтай холбоотойгоор бага багаар нэмэгдэж эхэлдэг. Баянзүрхийн гүүрнээс эхлээд хотын төвөөр урсаж, Зайсангийн гүүр хүртэл бохирдол эрчимтэй нэмэгддэг. Түүнээс дээш хэсэгт хүнд үйлдвэрүүд байхгүй. Харин Зайсангаас доош Яармаг хүртэл өмнө нь байсан арьс ширний үйлдвэрийн бүсийн шууд болон хөрсний усаар дамжсан бохирдол нөлөөлдөг.
Цааш Яармагийн гүүрнээс Сонгины амралт хүртэл Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, нисэхийн бүсийн бохир ус, Био комбинатын бохир ус нийлснээр бохирдол хамгийн өндөр түвшинд хүрдэг. Ингээд ойролцоогоор 170 км, голын тахирлалтыг нь тооцвол 200 орчим км зайд бохирдол хадгалагдаж байгаад Төв аймгийн Лүн сумаас доош урсгалаараа цэвэршдэг.
Усны урсацын хувьд Туул гол хур борооны болон газар доорх усны хоёр үндсэн тэжээгдэлтэй. Манай орны нөхцөлд тавдугаар сарын сүүлээс аравдугаар сар хүртэл, ялангуяа долдугаар сард хур борооны тэжээл оргилдоо хүрдэг. Харин өвөл, хаврын улиралд газар доорх ус зонхилно. Хаврын гачиг үед буюу дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сар хүртэл усны нөөц багассанаас хотын усны хэрэглээг хүртэл хязгаарлах тохиолдол гардаг. Энэ үед үндсэндээ газар доорх усаар тэжээгдэж байна гэсэн үг.
Туул голын сав газрыг бүхэлд нь авч үзвэл, Улаанбаатар хотын суурьшлын бүс хамгийн их доройтсон хэсэг. Бусад хэсэгт харьцангуй байгалийн төрхөөрөө хадгалагдаж байгаа.
Сүүлийн жилүүдэд Туул голын нөхцөл байдал сайжирч байгаа юу, доройтож байна уу?
-Туул голтой холбоотой мэдээлэл янз бүр байна. Зарим нь “болохоо больсон” гэдэг, зарим нь “хэвийн” гэж үздэг. Энэ нь судалгааны чиглэл болон судалгааны талбайгаас ихээхэн хамаардаг.
Гидрогеологичид буюу газар доорх ус судалдаг хүмүүс харьцангуй нөлөөлөл багатай гэж үздэг бол экологичид, амьтан, ургамал судлаачид сөрөг нөлөө ихтэй гэж үздэг. Аль аль нь өөрсдийн судалгааны хүрээнд зөв байх. Гэхдээ УБ хотын суурьшлийн бүстэй холбон салбар дундын, системийн түвшинд авч үзвэл сөрөг нөлөөлөл өндөр байна.
Гол дагасан хурдны зам барих нь өндөр хөгжилтэй орнуудад байдаг тухай нийгэмд ярьж байна. Олон улсын туршлага юу байна вэ?
-Ихэвчлэн Америк, Англи, Япон, Солонгос улсуудын жишээ ярьдаг. Гэхдээ тэдгээр нь 1970–1980 оны, хотжилт эрчимжиж эхэлж байсан үеийн шийдлүүд байдаг. Тэр үед экосистемийн нөлөөллийг өнөөгийнх шиг нарийвчлан үнэлдэггүй байсан. Харин одоо бол байгальд түшиглэсэн шийдэл давамгайлж байна.
Голын голдирол дагуу, голын урсгалтай ойр, дэнж дээр авто зам барих нь хуучирсан шийдэлд тооцогдож байгаа.
Жишээлбэл, Солонгос улсад өмнө нь байсан байгууламжийг буулгаж, голын орчныг сэргээж, явган болон дугуйн зам, ногоон бүс бүхий орчин үеийн шийдэлд шилжсэн. Би өөрөө тэнд амьдарч байсан учраас сайн мэднэ.
Монголд ч ийм шийдэл боломжтой. Сэлбэ, Улиастайн гол дээр далан дагасан авто замууд байгаа. Туул голын хувьд ч хоёр даланг ашиглан шийдэх боломж бий.
Туул голын нөхцөл байдал сайнгүй байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот орчимд урсаж байгаа хэсэгт бохирдол ихтэй, экосистем алдагдсан гэж ойлгож болохоор байна. Тэгвэл Туул гол дагасан хурдны авто зам баригдвал ямар эрсдэлүүд нэмж үүсч болох вэ?
-Авто замын баганын суурь нь гаднаас харагдахаас илүү том талбай эзэлдэг. Энэ нь гадаргын болон газар доорх усны гидравлик буюу усан холбоог алдагдуулна. Мөн сүүдэрлэлт үүсч, нарны гэрэлд ургадаг ургамлуудын өсөлт буурна. Ингэснээр сүүдэрсэг орчны хөл газрын ургамал ургах нөхцөл бүрдэх ба тухайн орчинд амьдарч байгаа хүмүүсийн харшлын асуудал нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөлөл харагдаж байна.
Авто замын хөдөлгөөнөөс үүдэн дугуйн болон хатуу хучилттай замын элэгдлээр хар тугалга, хүнцэл зэрэг хүнд металлууд ялгарч, салхиар тархана. Эдгээр хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг шүү дээ. Өвлийн улиралд замын халтиргааг багасгахын тулд цацсан давс хөрсөнд шингэж, хөрсийг давсжуулж, ургамал ургах нөхцөлийг алдагдуулна. Ямар нэгэн байгалийн ургамал ургах нөхцөлгүйгээр нүцгэн халцарна гэсэн үг.
Мөн дуу чимээний бохирдол маш чухал асуудал. Хурдны замын тасралтгүй дуу чимээ нь тухайн орчны оршин суугчдад стресс үүсгэнэ.
Дэлхийн чиг хандлага энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Дэлхийн хотуудын үүсэл, хөгжил нь гол дагасан байдаг. Харин одоо чиг хандлага өөрчлөгдсөн. Голын голдирлыг байгалийнхаар нь хадгалж, эрэг орчмыг амралт, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байна.
Жишээлбэл, Солонгос, Турк зэрэг орнуудад голын эрэг дээр спорт, амралтын бүс, жижиг үйлчилгээний газрууд хөгжсөн. Энэ нь эдийн засагт ашигтайгаас гадна иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Өнөөдөр яригдаж буй хурдны авто замын асуудлыг зөвхөн дэд бүтцийн хүрээнд харах нь хангалтгүй. Үүний цаана илүү том ойлголт болох хотын хөдөлгөөний менежмент буюу urban mobility management гэдэг асуудал бий. Энэ нь зөвхөн авто зам барих тухай биш. Явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дугуй, мопед зэрэг хөдөлгөөн, цаашлаад хот доторх агаарын, төмөр замын, авто замын, явган хүний гэх мэт тээврийн бүх хэлбэрийг цогцоор нь зохицуулах иж бүрэн төлөвлөлт юм. Сүүлийн жилүүдэд дрон зэрэг шинэ төрлийн тээврийн хэрэгсэл хүртэл энэ ойлголтын хүрээнд орж ирж байна.
Гэтэл Улаанбаатар хотод ийм иж бүрэн төлөвлөгөө өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна. Үүний оронд асуудал гарах бүрд хэсэгчилсэн шийдлүүд авч хэрэгжүүлж ирсэн. Жишээлбэл, мопед, цахилгаан хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхэд явган хүний зам дээр хориг тавьдаг. Харин авто зам руу оруулахад ослын эрсдэл нэмэгддэг. Ийм байдлаар нэг асуудлыг шийдэхдээ нөгөөг нь улам хүндрүүлдэг. Иймээс асуудлыг хэсэгчлэн биш, цогцоор нь харах шаардлагатай. Хөдөлгөөний менежментийн зөв бодлого нь хүмүүсийг заавал автомашин хэрэглэхээс татгалзах боломжийг бүрдүүлэх ёстой. Үүнийг зөвхөн хориглох замаар биш, харин сонголт бий болгох замаар шийднэ. Өөрөөр хэлбэл, явган явахад аюулгүй, таатай орчин бүрдүүлэх, дугуй, бичил тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зэрэг нь автомашины хэрэглээг аяндаа бууруулах үндсэн шийдэл юм.
Ийм цогц бодлогогүй нөхцөлд зөвхөн нэг хурдны зам барих нь түгжрэлийг бүрэн шийдэхгүй, харин шинэ сөрөг асуудлуудыг дагуулж болзошгүй.
Дэлхийн чиг хандлага эрүүл, ногоон, органик гэсэн чиглэл рүү явж байгааг бид уг нь их ярьдаг л даа. Гэхдээ үндсэн, чухал зүйлүүдээ орхигдуулаад байх шиг санагддаг. Туулын хурдны авто замтай холбоотойгоор ч энэ зүй тогтол харагдаад байх шиг. Хурдын зам барьсны дараа хурдан хугацаанд нөхөн сэргээнэ гэх агуулгатай тайлбарууд байна л даа. Энэ бол зөвхөн хэдэн бургас, голын урсацын асуудал биш гэж ойлгоод байгаа юм. Ер нь Туул гол Улаанбаатар хотод ямар “үүрэг” гүйцэтгэдэг талаар?
– Туул гол, түүний хөндийн газар доорх ус нь Улаанбаатар хотын унд-ахуй-үйлдвэрлэлийн усны гол эх үүсвэр мөн. Гэхдээ зөвхөн энэ биш, Улаанбаатар хотын Туул голын урд, хойд хэсгийн агаарын чанарт чухал нөлөө үзүүлдэг байгалийн чухал тогтолцоо юм.
Туул голын хөндийг дагасан агаарын урсгал нь хотын агаарын бохирдлыг тарааж, саармагжуулах үүрэгтэй “агаарын коридор” болдог. Ялангуяа хотын төв болон гэр хорооллын бүсэд хуримтлагдсан агаарын бохирдол Туул голын хөндийгөөр дамжин сарних боломжтой байдаг.
Үүнийг өдөр тутмын амьдралаас ч харж болно. Улаанбаатар хотын төв хэсгээс Зайсангийн гүүр давж, Туул голын цаана гарахад агаарын бохирдлын түвшин мэдэгдэхүйц буурдаг. Энэ нь Туул голын хөндийн агаарын урсгал бохирдлыг сааруулж байгаагийн бодит илрэл юм. Иймээс Туул голын орчныг хамгаалах нь зөвхөн байгаль орчны асуудал биш, нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчны чанарт шууд нөлөөлөх стратегийн ач холбогдолтой. Хэрэв голын хөндийд барилга байгууламж, дэд бүтэц хэт төвлөрч, байгалийн урсгалыг хаавал энэ “агаарын коридор” алдагдаж, хотын агаарын бохирдол улам дордох эрсдэлтэй.
Хувь судлаачийн хувьд Туулын хурдны авто замыг барихтай холбоотой таны байр суурь ямар байна вэ?
-Хурдны зам барих шаардлага байгаа эсэх нь өөрөө маргаантай асуудал биш. Хотын түгжрэлийг бууруулахын тулд тодорхой хэмжээнд шинэ дэд бүтэц хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин гол асуудал нь хурдны зам барих уу, үгүй юу биш хаана, ямар байршилд барих вэ гэдэгт оршиж байна. Өөрөөр хэлбэл, асуудлын гол нь “байх ёстой юу” гэдэг асуулт биш, харин “зөв байршил уу” гэдэг дээр төвлөрөх ёстой.
Туул голын хувьд хоёр талдаа үерийн хамгаалалтын далантай, тодорхой хэмжээнд бэхжсэн бүтэц бий. Ийм нөхцөлд голын дэнж, голдирлыг хөндөхгүйгээр далан дагасан хувилбарыг ашиглах боломж харагдаж байна. Мөн уулын энгэр дагасан замыг өргөтгөх, эсвэл одоо байгаа замын сүлжээг сайжруулах зэрэг өөр хувилбарууд ч бодитоор оршин байна. Гэтэл эдгээр хувилбаруудыг бүрэн судалж, харьцуулан сайтар үнэлэлгүйгээр шууд голын голдиролд ойр шийдэл сонгож байгаа нь олон нийтийн эсэргүүцэл үүсгэж байна. Тиймээс хурдны замын асуудлыг зөв шийдэхийн тулд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг, урт хугацааны эрсдэлийг, боломжит өөр хувилбаруудыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
Эцсийн дүндээ, зөв байршил сонгож чадвал хөгжлийн хэрэгцээ болон байгаль хамгаалал хоёрыг зэрэг хангах боломж бий. Харин буруу байршил сонговол нэг асуудлыг шийдэх нэрийдлээр нөгөөг улам хүндрүүлэх эрсдэлтэй.
Танд баярлалаа.


