Техник, технологийн хурдацтай хөгжил, цахим шилжилт, хиймэл оюун ухааны нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлт, чиг хандлагыг хэлэлцэх, бодлогын түвшинд санал солилцох, оюутан залуусын ажил мэргэжлийн сонголтыг дэмжих, тэднийг боловсролоос хөдөлмөрт амжилттай шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; Боловсролын яам; Монгол Улсын Их Сургууль; Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран зохион байгуулж ажилласан бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч Хаан банк ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаа.
Өдөрлөгт төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 40 гаруй байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн 2000 орчим оюутан залуус оролцсон нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд олон талын оролцоог хангаж, бодит харилцаа холбоо үүсгэх чухал талбар боллоо.
Өдөрлөгийн хүндэт зочноор Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, ГБХНХ-ын сайдын зөвлөх Г.Саран, ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа болон холбогдох газар, хэлтсийн дарга нар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай, Төрийн өмчийн 6 их сургуулийн ректор, проректор болон холбогдох алба нэгжийн дарга нар оролцсон бол:
- Нээлтийн үйл ажиллагааг МУИС-ийн Ректор Б.Очирхуяг
- Нээлтийн мэндчилгээг Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир дэвшүүлж өдөрлөгт оролцогчдод амжилт хүслээ.
Форумын хүрээнд:
- Хиймэл оюун ухаан, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн талаар 2 үндсэн илтгэл,
- Цахим шилжилт ба хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар 2 хэлэлцүүлэг,
- Карьер хөгжил, шинэ эрин үеийн ур чадварын талаар богино (Pecha Kucha) илтгэлүүд,
- Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хүний нөөцийн тэргүүн туршлага
зэргийг хэлэлцүүлж, оролцогчдод бодит мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцлаа.
Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагуудын зарласан нээлттэй ажлын байртай танилцах, ажлын байрны анкет бөглөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь арга хэмжээний онцлог байв.
Энэхүү форум, өдөрлөг нь боловсролын байгууллага, ажил олгогч байгууллага, бодлого боловсруулагч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үнэлэмжийг тодорхойлох, дэмжих, тэднийг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо.
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ























