МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС)-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олон тэнхимийнхээ15 жилийнойн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн хичээлийн I байрны хурлын танхимд “Төрийн удирдлагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөний зорилго нь төрийн болон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дотоод, гадаадын их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг дэмжих, мөн төрийн удирдлагын хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Энэ удаагийн зөвлөгөөнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хансунг Их Сургуулийн ректор болон профессор, судлаачид урилгаар оролцсоноороо онцлог байлаа. Хансунг Их Сургуулийн ректор, профессор, доктор Ли Чанвон “Хиймэл оюуны эрин дэх засгийн газрын ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, төрийн удирдлагын шинэчлэл, дижитал шилжилт, хиймэл оюуны нөлөөллийн хүрээнд цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар онол, практикт тулгуурласан сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсын Менежментийн холбооны тэргүүн, МУГБ Проф. Др. Д. Цэрэндорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнДр. Ц. Амартөгс, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Др.Я. Эрдэнэсайхан нар тус сэдвийн хүрээнд илтгэл тавьж, төрийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар тус тус илтгэл хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөнийг Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн Проф. Др. Н. Бурмаа удирдан явуулж, төрийн болон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт эрхэлдэг МУИС, ШУТИС, МУБИС, ДХИС-ийн профессор багш, эрдэмтэн судлаачид, экспертүүд, төрийн албан хаагчид, докторант, магистрантуудөргөнөөр оролцсон юм. Оролцогчид нийтийн удирдлагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй сорилт, боломжийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцон, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үр дүнд хүрсэн өндөр ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.

МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим нь байгуулагдсан цагаасаа хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын шатны сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж байна.
Та бүгдийн эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.
Нийтийн Удирдлагын тэнхим

