МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газраас МУИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэгжүүдийн хамтын оролцоог сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор “МУИС-ийн хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн/салбар сургуулийн захирал, газар нэгжийн дарга, тэнхим, хүрээлэн болон төвийн эрхлэгч, нягтлан бодогч, мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцов.

Хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн Ректор Б.Очирхуяг үг хэлэхдээ, Улсаас олгож буй санхүүжилт бага, сургалтын төлбөр нийт орлогод өндөр хувь эзэлж байгаа энэ цаг үед гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай байна. УИХ-аас сүүлийн жилүүдэд баталсан хуулиудын хүрээнд Эндаументын сан, ААНОАТ-ын хөнгөлөлт, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бүрдээд байна. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын хэлэлцүүлгээр эдгээр боломжуудыг ашиглан хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь их сургуулийн хөгжилд нэн чухал болохыг онцлон дурдлаа.



Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу “МУИС-ийн Эндаументын сан, хамтран ажиллах боломж”, Татварын Мэргэшсэн Зөвлөх, Мэргэшсэн Нягтлан Бодогч Ц.Ариунсайхан, Д.Амарбат нар “ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх хэсэгт заасан хөнгөлөлтийг ашиглах боломж, татварын тайлагнал, зөвлөмж”, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн “МУИС-ийн Хөрөнгө оруулалтын дунд хугацааны зорилт” сэдвээр танилцуулга хийсэн юм.


Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид идэвхтэй асуулт хариулт өрнүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлээр олон чухал санал, санаачилга дэвшүүлсэн бөгөөд арга хэмжээний төгсгөлд оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, цаашдын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, чиглэлүүдийг тодорхойлов.
Энэхүү хэлэлцүүлэг нь нэгжүүдийн дотоод хамтын ажиллагаа, оролцоог идэвхжүүлж, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

