Дэлхийн Оюутны Спортын Холбоо (FISU)-ноос хоёр жил тутам зохион байгуулдаг “Дэлхийн их сургуулийн аварга шалгаруулах тэмцээн – Чирлидинг” 2026 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Шведийн Хаант Улсын Гётеборг хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд оролцсон “Монголын чирлидингийн оюутны шигшээ баг” TEAM POM төрөлд гайхалтай амжилт үзүүлж, тэргүүн байр эзлэн алтан медалийн эзэд боллоо.

Монгол Улсын шигшээ багийг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, гимнастикийн спортын мастер, олон улсын шүүгч Д.Түмэнтөгс дасгалжуулан оролцуулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн дараах оюутнууд багтжээ.

- Н.Мөнхжин – Бизнесийн сургууль, Маркетинг хөтөлбөрийн II түвшин
- Б.Тэргэл – Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбар, Эдийн засгийн хөтөлбөрийн I түвшин
- Л.Мандарваа – Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Япон орон судлалын хөтөлбөрийн I түвшин
- У.Мишээл – Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбар, Социологийн хөтөлбөрийн I түвшин
- О.Болор-Эрдэнэ – Инженер, технологийн сургууль, НЭХИТ, Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн I түвшин
- Х.Саранзул – Бизнесийн сургууль, Менежментийн хөтөлбөрийн II түвшин
- П.Даваадулам – Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Солонгос хэлний орчуулагчийн хөтөлбөрийн I түвшин
Монголын оюутны шигшээ баг энэхүү амжилтаараа дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын оюутны спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
МУИС-ийн Эрдмийн хамт олны зүгээс дасгалжуулагч Д.Түмэнтөгс болон багийн нийт тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

