Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Ундны усан дахь ураны физик, гидрохимийн иж бүрэн судалгааг анх удаа цогцоор нь хийж, ураны агууламж, тархалтын зураглал боловсруулан, усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн шинжлэх ухааны үндэс суурийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжилд хэрэглээний өндөр ач холбогдолтой суурь судалгаа бий болгосон ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Хинаятын Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Оюунцэцэгийн Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Норовын Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл,
Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр нарийвчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор Тугалын Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор Очбадрахын Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Рэнчин-Очирын Мижиддорж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, Математикийн ухааны доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлд тус тус Төрийн шагнал хүртээлээ.
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг Төрийн шагнал хүртсэн МУИС-ийн профессор багш, төгсөгчдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.


Төрийн шагнал хүртсэн эрхэм багш нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.








