Хайж байна...

Шанхайн Зам Харилцааны их сургуультай хамтран ажиллана

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн ректор Б.Очирхуяг, Шанхайн Зам Харилцааны их сургууль (Shanghai Jiatong University)-ийн ХКН-ын нарийн бичгийн дарга Ян Жэньбинь нар хоёр сургууль хоорондын “Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн зүгээс Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Инженер технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва, Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн захирал Б.Ганбат, Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан захирал Г.Элдэв-Очир нар оролцлоо. ШЗХИС-ийн талаас Хүний нөөцийн газрын дарга, Ерөнхийлөгчийн туслах Ху Хао, Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал бөгөөд Дэвшилтэт инновацын хүрээлэнгийн захирал Цюй Егао, Глобал коллежийн захирал Ван Хэшэн, Материал судлал, инженерийн сургуулийн захирал Дай Чин, Ухаалаг холбогдсон тээврийн хэрэгслийн ахлах эрдэмтэн, Хятад-Монголын “Бүс ба зам” хил дамнасан тээвэрлэлт ба ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лабораторийн эрхлэгч Инь Чэнлян, Дэлхийн хамтын ажиллагаа, солилцооны хэлтсийн дэд захирал Ван Цянь, Инженерийн сургуулийн захирлын туслах Дун Фаньли, Глобал коллежийн Олон улсын бакалаврын элсэлтийн албаны менежер Жан Юй, Дэлхийн хамтын ажиллагаа, солилцооны хэлтсийн Ази, Африкийн хамтын ажиллагааны албаны асуудал эрхэлсэн захирал  Чэн Хайлэй, Олон улсын болон нийтийн хэргийн сургуулийн постдокторант, туслах судлаач Хуарн Тонгалаг нар ёслолын ажиллагаанд байлцлаа.

Ёслолын үйл ажиллагаанд хоёр сургуулийн төлөөлөгчдөөс гадна Нийслэлийн засаг даргын зөвлөх бөгөөд Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал М.Буяндэлгэр, Нийслэлийн бодлогын судалгааны шинжилгээний төвийн Өгөгдөл мэдээллийн газрын захирал Н.Энхжаргал, Хот байгуулалт дэд бүтцийн судалгааны газрын захирал Ц.Цогбадрах нар оролцож хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд ШЗХИС болон МУИС хооронд инновацын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нөөц бололцооны үр ашигтай хуваарилалтыг хангах үүднээс 2+2 оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багш солилцоог дэмжих, мөн хиймэл оюун ухаан (AI), хиймэл дагуул, хууль эрх зүй, олон улсын харилцаа, бүс нутаг судлал зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

Энэхүү шийдвэр нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр талын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бататгах, хил дамнасан тээврийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол өгч, иргэдийн амьжиргаатай холбоотой хэрэгцээг хангахад чиглэн ажиллах, ажлын байрны өсөлт, бүс нутгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг үр дүнтэй дэмжих, цаашлаад “Бүс ба Зам”-ын дагуух бусад хөрш оронтой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

ШЗХИС болон МУИС-ийн профессор багш нар дараах судалгааны сэдвийн хүрээнд хэлэлцэж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Үүнд:

  1. Хиймэл оюуны өгөгдлийн сан болон өгөгдлийн засаглалын стандартын суурь судалгаа
  2. Ухаалаг замын хөдөлгөөн ба хотын тээврийн хэрэглээний судалгаа
  3. Мал аж ахуйн хяналт ба бүтээгдэхүүний мөрдөх системийн хэрэглээний судалгаа
  4. Бэлчээрийн доройтол ба нарийвчлалтай газар тариалангийн судалгаа
  5. Хиймэл оюуны хүний нөөц хөгжүүлэлт

Шанхайн Зам Харилцааны их сургуулийн тухай: Shanghai Jiao Tong University (SJTU, 上海交通大学) нь БНХАУ-ын хамгийн нэр хүндтэй, хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 1896 онд байгуулагдсан.

Дэлхийн зэрэглэл: Shanghai Jiao Tong University нь дэлхийн шилдэг их сургуулиудын нэг бөгөөд Times Higher Education World University Rankings 2026: Дэлхийд 47-р байр, Global Employability University Ranking 2026: 40-р байр эзэлдэг бөгөөд судалгааны 21 салбар нь дэлхийн шилдэг 1%-д багтдаг.

Тус их сургууль дараах чиглэлүүдээр дэлхийд өндөр нэр хүндтэй.

  • Инженерчлэл
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Хиймэл оюун ухаан (AI)
  • Электроник
  • Автомашин, ухаалаг тээврийн технологи
  • Биоанагаахын инженерчлэл
  • Анагаах ухаан
  • Бизнес ба менежмент
  • Далайн инженерчлэл
  • Материал судлал

Судалгаа, инноваци: Shanghai Jiao Tong University нь Хятадын хамгийн хүчирхэг судалгааны их сургуулиудын нэг бөгөөд 2024 онд судалгааны санхүүжилт нь 7.9 тэрбум юань хүрсэн. Хиймэл оюун ухаан, робот, интеграл схем, шинэ эрчим хүч зэрэг стратегийн салбаруудад тэргүүлэх судалгаа хийдэг.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар