Хайж байна...

Ректорын мэндчилгээ

Share Button

РЕКТОРЫН МЭНДЧИЛГЭЭ 

Дэлхийн чансаат, үндэсний тэргүүн эрэмбэт Монгол Улсын Их Сургуулиар овоглосон оюутан залуус, эрдэмтэн багш, албан хаагч Та бүхэндээ 84 дэх шинэ хичээлийн жилийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!

2026-2027 оны хичээлийн жилд бид 5400 элсэгчээр бүл нэмж, 1500 орчим багш, ажилтан, 28000 гаруй оюутантайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Монгол Улсын дээд боловсролын ууган салбар МУИС шилдэг элсэгчээр бүл нэмэх бодлогыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд манай орны шилдэг охид хөвгүүд элсэн орж байгаад баяртай байна. 

МУИС шинэ хичээлийн жил бүр баримтлах бодлого, хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлдог уламжлалтай. Бид 2026-2027 оны хичээлийн жилийг бүтээлч багш, манлайлагч оюутан, шийдэлтэй орчин, шилдэг судалгаа чиглэлээр томьёолж байна.  

Манай сургуульд дэлхийн болон дотоодын тэргүүлэх их сургуульд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан шилдэг багш нар ажилладаг бөгөөд шинээр боловсруулсан “Профессор багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр 2025-2030”-ийн хэрэгжилтийн хүрээнд сургалт, судалгаа, нийгмийн үйлчилгээний чадамжаар үлгэр дуурайл болсон бүтээлч багшийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн ажиллана. Шинэлэг санаачилга, идэвх зүтгэл, бүтээлч хандлага МУИС-ийн профессор багшийн үнэлэмжийг тодорхойлох үндсэн шалгуур байх болно. 

Өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлж буй “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд хувь хүний хөгжил, зөөлөн ур чадварыг дэмжих, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахим технологийн хөгжилд суурилсан үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтыг хангаж ажиллана. Хувь хүний цогц хөгжил, хөрвөх чадварыг дээшлүүлэх хүрээнд эерэг соёлыг түүчээлэгч, зөв үйлийг санаачлагч, нийгмийн идэвхтэй залуусыг бэлтгэн гаргах чиглэлээр оюутныг хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлнэ. МУИС-ийн оюутан Монголын ирээдүйг тодорхойлох түүчээ залуус байхын үлгэр жишгийг илтгэн харуулсан олон аян, зохион байгуулалтын үйл ажиллагаа Та бүхнийг хүлээж байна. 

МУИС танхимын уламжлалт хэв загвараас цахим, зайн, танхим цахим хосолсон хэлбэрээр хос, хавсарга, салбар дундын, иргэний, орой, эчнээ зэрэг хөтөлбөрөөр суралцах олон талт сонголтыг суралцагч нартаа олгох чиглэлээр эрх зүйн баримт бичгийг боловсруулж, орчин нөхцөлийг бүрдүүлэх болно.  

Олон улсын эрэмбэд нэрээ бүртгүүлсэн үндэсний тэргүүн эрэмбэтэй сургуулийн хувьд судалгааны цар хүрээг өргөжүүлэх замаар онол хэрэглээний оновчтой хослолыг бүрдүүлж, МУИС-ийн судалгааны байр суурийг улам ахиулна.  

Улс орныхоо хөгжил дэвшилд чухал оролцоотой байж, ололт амжилтаа бататган ахиулж, МУИС хэмээх эрдмийн овгоо өндөрт өргөж явахын төлөө хамтдаа хичээхийг уриалж байна. 

Та бүхний эрдмийн их аянд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 

 

Эрдмийн хэт цахиваас  

Хөгжлийн гал бадармуй. 

 

МУИС-ийн ректор, профессор

Баянжаргалын Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар