Хайж байна...

Судалгаанаас бизнесийн түншлэл рүү: “Монгол-Японы хамтарсан судалгаа-бизнесийн түншлэл 2026”

Share Button

ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр 12 дахь жилдээ хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүнг дүгнэж, Монгол, Японы түншлэгч байгууллагуудын судалгаа, инновац, технологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой “Монгол-Японы хамтарсан судалгаа-бизнес түншлэл 2026” үйл ажиллагаа амжилттай боллоо.

Энэхүү үйл ажиллагаа 12 жилийн хугацаанд Монгол, Японы их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны ажлуудын үр дүн, ололтыг танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтарсан судалгаа, инновац, технологийн түншлэлийн шинэ боломжийг нээж, судалгааны үр дүнг бизнес, үйлдвэрлэлийн бодит хамтын ажиллагаанд шилжүүлэх зорилготой.

Үйл ажиллагаанд Боловсролын яам, Япон Улсын Элчин сайдын яам, “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төсөл хэрэгжсэн МУИС, ШУТИС, ХААИС-ийн судалгааны багууд болон Японы их, дээд сургуулийн судлаачид, судалгааны байгууллага, Япон Улсын 40 гаруй бизнес, аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

СУДАЛГААНААС БИЗНЕСИЙН БОДИТ ТҮНШЛЭЛ РҮҮ

“Монгол-Японы хамтарсан судалгаа-бизнес түншлэл 2026”-ын хүрээнд хамтарсан судалгааны үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүн, прототип, инновацын шийдлүүдийг бизнес, аж үйлдвэрийн салбарын төлөөлөлд танилцуулж, тэдгээрийг үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ. Үйл ажиллагаа Биотехнологи, Шинэ ба дэвшилтэт материал, Байгаль орчин, Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, Дижитал технологи, Хөдөө аж ахуй, хүнсний технологи гэсэн 6 үндсэн чиглэлээр зохион байгуулагдав.

Судалгааны постер, технологийн үзэсгэлэн, бүтээгдэхүүн, прототипийн танилцуулга, салбар хуралдаан болон судлаач, бизнес, аж үйлдвэрийн байгууллагуудын шууд уулзалт, түншлэлийн хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан юм.

12 ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДАРААГИЙН ШАТАНД

Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд 2014-2026 хугацаанд хэрэгжсэн “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсын инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургалт-судалгааны орчин, чадавхыг бэхжүүлэх, Монгол, Японы их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.

Тус төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрт МУИС-аас 10 судалгааны баг хамрагдаж дараах үр дүнг гаргасан байна.

МУИС-д хэрэгжсэн ИТДБ төслийн гол амжилтууд:

  • Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөсөн (2017)
  • Судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлж, 200 гаруй багш судлаачид Зэргийн болон Зэргийн бус сургалтад хамрагдсан байна.
  • Төслийн хүрээнд нийт 5 гарааны компани байгуулагдсан
  • Ger Lab инженерийн урлан байгуулагдсан
  • МУИС-ийн Улаанбаатар Шинжлэх ухаан, технологийн паркт туршилтын үйлдвэр байгуулагдсан.
  • Дижитал студи болон академик хэвлэлийн нэгж байгуулагдсан
  • Монголын анхны виртуал музейг бүтээсэн
  • SATREPS-ийн 2 төслийн санхүүжилт авсан. Үүнд:
  1. Нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгийг ашиглан Монголын мал аж ахуйн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь (2022)
  2. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд бэлчээрийн болон говийн цөлийн экосистемийн тэсвэрлэх чадварыг үнэлэх нэгдсэн загварчлалын дижитал сүлжээний платформыг хөгжүүлэх нь (2025)
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар