МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын Ким Ир Сены их сургуульд айлчилж, тус сургуулийн үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

Ким Ир Сены их сургуульд айлчилсан МУИС-ийн төлөөлөгчид
9-р сарын 29-ний өдөр МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар нарын төлөөлөгчид Ким Ир Сены их сургуулийн ректор, Дээд боловсролын газрын дарга Ким Сөн Чань, тус сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Ри Гён Иль болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийв. Ректор Ким Сөн Чань МУИС-ийн төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч, Ким Ир Сены их сургуулийн түүхэн хөгжил, ололт амжилт, сургалт, эрдэм шинжилгээний өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Ректор Б.Очирхуяг Ким Ир Сены их сургуулийн зүгээс төрөлх сургуулийнхаа үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд урьж, өндөр түвшинд хүлээн авч буйд талархал илэрхийлээд, МУИС-ийн хөгжлийн түүхээс товч дурдан, хоёр сургуулийн хамтын ажиллагаа Монгол улс болон БНАСАУ-ын найрсаг харилцаанд, ялангуяа боловсролын салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав. Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, монгол судлал, түүх, философи болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх боломжуудыг эрэлхийлэх талаар санал солилцож, 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг ойрын хугацаанд шинэчлэн байгуулахаар тохиролцов. Ректор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ 2028 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 80 жилийн ойг угтан хоёр сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэгдэх ач холбогдол бүхий ажлууд, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхийг санал болгов. Түүнчлэн Ким Ир Сены их сургуулийн ректор Ким Сөн Чань, Гадаад харилцааны газрын дарга Ри Гён Иль нарыг 2027 онд болох МУИС үүсгэн байгуулагдсны 85 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг албан ёсоор урилаа.
Уулзалтын төгсгөлд ректор Б.Очирхуяг МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан ажилтнуудыг төлөөлөн түүхт 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж буй тус сургуулийн удирдлага хамт олон, багш оюутнуудад баярын мэнд хүргэж, Ким Ир Сены их сургуулийн хотхоныг дүрслэн урласан бүтээлийг дурсгалын бэлэг болгон гардуулав.

Ким Ир Сены их сургуулийн захирал Ким Сөн Чаньтай хийсэн уулзалт
Ким Ир Сены их сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн зориулсан “Шинжлэх ухаан, боловсролын хөгжил ба нийгмийн дэвшил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 9-р сарын 29-30-ны өдрүүдэд болж өндөрлөв. Хуралд олон орны их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцож, нийгэм улс төр, хүмүүнлэг, эдийн засаг, байгалийн болон технологийн шинжлэх ухааны гэсэн чиглэлээр судалгааны үр дүнгээ танилцуулсан зуу шахам илтгэл хэлэлцүүллээ. Тус хуралд МУИС-ийн ШУС-ийн БУС-ын профессор С.Гомбобаатар “Long-Term Collaborations on Biodiversity Research and Conservation between the National University of Mongolia and Kim Il Sung University, Democratic People’s Republic of Korea” сэдвээр, профессор Б.Эрдэнэцогт “Mineral Commodities of Mongolia: Impact on the Mongolian Economy” сэдвээр, нийгэм улс төрийн салбар хуралдаанд НУС-ын захирал, профессор Ч.Тамир “Mongolian Public Opinion in the Context of Global Geopolitical Changes” сэдвээр, ХУС-ын Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Оюунцэцэг “The Historical Significance of Public Diplomacy in Mongolia–DPRK Relations” сэдвээр тус тус илтгэл амжилттай хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаанд БНАСАУ-ын Боловсролын сайд Ри Ён Чоль, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Констатин Могилевский нар оролцож, баярын үг хэллээ. 9-р сарын 30-ны өдөр болсон Ким Ир Сены их сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын хаалтын ёслол дээр хуралд оролцсон гадаадын их сургуулийн төлөөлөгчид БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд захидал өргөн барьж, илгээв.

“Шинжлэх ухаан, боловсролын хөгжил ба нийгмийн дэвшил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа.

“Шинжлэх ухаан, боловсролын хөгжил ба нийгмийн дэвшил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх төлөөлөгчид

Нийгэм улс төрийн салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэд
Ким Ир Сены их сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурлын үеэр тус сургуулийн ректор Ким Сөн Чань өөрийн сургуулийн хөгжлийн түүхэн замнал, өнгөрсөн 80 жилийн хугацаанд эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, цаашдын зорилтыг танилцуулсан илтгэл тавив. Уг хуралд БНАСАУ-ын Ерөнхий сайд Пак Тэ Сон, СХН-ын нарийн бичгийн дарга Жү Чан Иль, Ким Сөн Ду болон нам, төрийн удирдлагын төлөөлөл, тус их сургуулийн үе үеийн захирлууд, багш, судлаач, оюутан, төгсөгчид, гадаадын их, дээд сургуулиас уригдан ирсэн төлөөлөгчид, дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгчид оролцов.

Ким Ир Сены их сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал
Ойн баярын онцлох үйл явдал нь БНАСАУ-ын удирдагч, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун хүрэлцэн ирж, их сургуулийн багш, судлаач, оюутнууд болон гадаадын зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн хүндэтгэлийн арга хэмжээ байв. Тэрээр хэлсэн үгэндээ Ким Ир Сены их сургуулийн 80 жилийн ойг тус сургуулийн хамт олонтой хамт тэмдэглэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, үндэсний боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэхэд тус их сургуулийн гүйцэтгэж ирсэн үүргийг онцолж, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлсон юм. Баярын үг хэлсний дараа БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сены их сургуулийн 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертыг Гадаад хэргийн сайд Чүэ Сон Хийн хамт үзэж сонирхов. Баярын концертын дараа хүндэтгэлийн хүлээн авалт Пёнян хотын Огрюүгуан ордонд болов. Ойн хүндэтгэлийн зоогийн үеэр ректор Б.Очирхуяг, проректор Ц.Баатарчулуун, Д.Заяабаатар нар БНАСАУ-ын Боловсролын сайд Ри Ён Чоль, Ким Ир Сены их сургуулийн ректор Ким Сөн Чань нартай халуун дотно яриа өрнүүлж, МУИС-ийн 85 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг урилаа.

БНАСАУ-ын удирдагч, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны илтгэл

БНАСАУ-ын удирдагч, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Гадаад хэргийн сайд Чүэ Сон Хи нар Ким Ир Сены их сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын концерт үзэж байгаа нь
Ким Ир Сены их сургуулийн хүндэтгэлийн баярт ОХУ, БНХАУ гэх мэт гадаадын их сургуулиас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг төрийн хүндэтгэлийн Көмсүсан ордонд байрлуулан, Жүчэ үзэл санааны цамхаг, Хувьсгалын музей, Байгалийн музей гэх мэт Пёнян хотын дурсгалт газруудыг танилцуулав. Төлөөлөгчид Хувьсгалын музейд зочлох үеэрээ Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөөнд цэцэг өргөв. Мөн төлөөлөгчид үзэсгэлэнт Мёхянсан уулан дахь Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бэлэг дурсгалын музей, 1042 онд Гуулин улсын үед баригдсан Бухёнса сүмд зочиллоо. Айчлалын төгсгөлд монголын төлөөлөгчид Монгол улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ким Ир Сены их сургуулийн төгсөгчид болох Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломатын академийн судлаач Н.Эрдэнэтуяа, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Х.Гарьдбилэг нар байлцлаа.
МУИС-ийн төлөөлөгчдийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон явдал нь хоёр их сургуулийн эрдэмтэн, судлаачдын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, цаашлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцааг батжуулан бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болов.

