МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон Оюутны зөвлөл хамтран “Оюутны менторшип-2026” хөтөлбөрийн танилцах уулзалтыг зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь Хууль зүйн сургуулийн ахлах түвшний оюутнууд нэгдүгээр түвшний оюутнуудад менторын дэмжлэг үзүүлэх замаар мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтын үйл ажиллагаа, хичээлүүдийн уялдаа холбоо болон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний талаар зөвлөгөө өгөх, сургуулиас гадуурх сургалт, хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийгөө хөгжүүлэхэд нь чиглүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Уулзалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа (LL.D) нээж үг хэлэхдээ оюутнууд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ хуульчийн ёс зүй, нийгмийн идэвх оролцоо болон харилцааны зөөлөн ур чадварыг эзэмшихийн чухлыг онцоллоо.


Мөн Практик сургалтын төвийн эрхлэгч, дэд профессор С.Болормаа (Ph.D), төвийн Гэрээт дэд профессор З.Сүхбаатар (Ph.D) нар хөтөлбөрийн онцлог, хэрэгжилтийн явцад анхаарах асуудлын талаар танилцуулж, их сургуульд суралцах хугацаандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн ач холбогдол, мэргэжлийн ёс зүйн талаар санал солилцлоо.

“Оюутны менторшип-2026” хөтөлбөрт нийт 30 ментор, 30 менти сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа бөгөөд хөтөлбөр нэг сарын хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Оюутны зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлж, хөтөлбөрт оролцож буй нийт оюутнууддаа амжилт хүсье.

