Монгол Улсын Төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэлд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор (LL.D), профессор Б.Амарсанаа үг хэлж, үе үеийн шавь нар, эрдэм шинжилгээний удирдлага дор нь эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачид, хамтран ажиллаж байсан эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.


Шавь нарыг төлөөлж Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга, хууль зүйн доктор, профессор Ж.Эрдэнэбулган хүндэтгэлийн үг хэлсэн юм.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, Академич С.Нарангэрэлд Монгол Улсын Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэм судлалын бүтээл туурвил, олон жилийн бүтээлч үйл ажиллагаагаараа Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн нэр хүндийг дотоодод төдийгүй олон улсын түвшинд өндөрт өргөн алдаршуулсан гавьяа, хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн тугийг үүрд хадгалуулав.

