МУИС болон Бүгд Найрамдах Турк Улсын Мармарагийн их сургууль хооронд эрдэм шинжилгээ, сургалт, академик хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МУИС-ийн ректор профессор Б.Очирхуяг, БНТУ-ын Мармарагийн Их Сургуулийн ректор, профессор Мехмет Эмин Окур нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Мармарагийн Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Менежмент, төлөвлөлтийн тэнхимийн профессор, доктор Хандэ Синэм Эргүн, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэй нар оролцлоо.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль багш, эрдэм шинжилгээний болон захиргааны ажилтнууд, бакалавр, магистр, докторын түвшний оюутан харилцан солилцох, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний лекц, семинар, симпозиум зохион байгуулах, сургалт, судалгааны мэдээлэл, материал солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн талууд харилцан сонирхсон бусад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр их сургуулийн академик чадавх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцов.
Санамж бичигт зааснаар оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах суралцагчид хүлээн авагч их сургуульд сургалтын төлбөр төлөхгүй бөгөөд солилцооны хөтөлбөр нэг улирлын хугацаатай хэрэгжинэ. Мөн хамтарсан судалгааны үр дүнд бий болох оюуны өмчийн асуудлыг харилцан зөвшилцөх, хамтын ажиллагааны тодорхой үйл ажиллагааг хоёр тал тусгайлан хэлэлцэж тохиролцох зарчмыг баримтлахаар тусгасан байна.

Энэхүү санамж бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хоёр их сургуулийн цаашдын урт хугацааны түншлэл, эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал эхлэл болж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

