МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль нь өөрийн зохион байгуулдаг нийтэд нээлттэй онлайн хичээл (Massive Open Online Course)-д ахлах ангийн сурагчдыг хамруулахаар “Сант” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, “Байгаль-Эх лицей” ахлах сургууль, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид Массачусетсын Технологийн Дээд Сургууль (MIT) болон Харвард Их Сургууль (Harvard University)-ийн хамтран эхлүүлсэн edX (www.edx.org) системийн болон цаашид МТС-ийн хөгжүүлэх нийтэд нээлттэй онлайн хичээлд хамрагдах, МТС-ийн кредит авах боломж бүрдэх юм. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд онлайн хичээлийн зөвлөгөө, шалгалтыг тус сургуулийнхантай хамтран зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулах юм байна.
Энэхүү хамтын ажиллагаа хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарах юм. Үүнд:
1. Сурагчид ахлах ангидаа их сургуулийн сургалтаа эхлүүлэн онлайн хичээлийг судлан кредит цуглуулах болсоноор их сургуулийг богинохон хугацаанд амжилттай суралцан төгсөх бололцоо бүрдэнэ.
2. Боловсон хүчин дутмаг алслагдсан орон нутгийн сургуулийн сурагчид олон улсын чанартай агуулгаар хичээл үзэх болно. Гэрээ байгуулсан талуудын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр цаашид бүх сургуулийн сурагчдад нээлттэйгээр үргэлжлэх юм байна. Массачусетсын Технологийн Дээд Сургууль (МТДС)-ийн edX системийн нийтэд нээлттэй онлайн хичээлийг “Сант” сургуулийн сурагчид, МУИС-ийн МТС-ийн оюутнууд судалсан анхдагчид юм. Сант сургуулийн сурагчид “Электроникс ба хэлхээ” онлайн хичээлийг амжилттай судалсанаас 100 оноо авч тэнцсэн сурагч Баттүшиг Массачусетсын Технологийн Дээд Сургуулийн тэтгэлгээр суралцах болсон бол 3 сурагч дэлхийн тэргүүлэх их сургуульд Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах болзлыг хангаад байна. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн шугамаар 2012 оны 9-р сард АНУ-д хийсэн албаны аялалаар суурь нь тавигдсанаар МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль нь Массачусетсын Технологийн Дээд Сургуулийн нийтэд нээлттэй онлайн сургалтын төвтэй хамтран ажиллаж онлайн хичээл, танхимын зөвлөгөө, шалгалт хэмээх хосолсон хэлбэрээр сургалт явуулан өөрийн сургуулийн кредит олгодог болоод байгаа билээ. МТДС-ийн edX системийн онлайн хичээлийг нэвтрүүлж байгаа МУИС-ийн МТС болон Сант сургуулийн туршлагыг Японы “Асахи” сонин, “Эн-Эйч-Кей” телевиз, болон АНУ-ын “Нью-Йорк таймес” сонингийн сэтгүүлчид сурвалжлаад байна.
