2013 оны 09 сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Япон Улсын Кокүшикан Их Сургуулийн захирал проф Н.Миюра, тус их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт хариуцсан захирал проф С.Икеда нар МУИС-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал проф Н.Батхүү, НШУС-ийн захирал проф Г.Эрдэнэбаяр болон Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш нартай уулзалт зохион байгуулж, Кокүшикан Их сургууль- НШУС хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар яриа хэлэлцээр хийв. Хамтын ажиллагааны хүрээнд сургууль хооронд оюутан солилцох, эрдэмтэн багш нарыг туршлага судлуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хамтран хийх талаар харилцан тохирлоо. Түүнчлэн 09 сарын 17-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд “Зүүн Хойд Азийн улс төрийн интеграци ба намуудын хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Кокүшикан Их Сургуулийн төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хуралд нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн багш нар, оюутан залуус идэвхтэй оролцов.