МУИС-ийн ГГС-иас санаачлан Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран зохион байгуулсан “Нийгэм – эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2013 оны 10 сарын 2-3-ны хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байранд болж өнгөрлөө.
Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулагдах уг хуралд ОХУ, БНХАУ, Япон, Польш, Герман, Монгол зэрэг 6 орон хамрагдаж, гадаадын 40 орчим судлаач эрдэмтэд, манай орны 10-аад их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, яамны хэлтсийн дарга, түүнчлэн ГГС-ийн 60 гаруй магистрант, докторантууд оролцон, нэгдсэн болон салбар хуралдаануудаар нийт 50 гаруй илтгэл хэлэлцэгдлээ.
ГГС-ийн удирдлагууд Польшийн Варшавын газарзүй, орон зайн судлалын хүрээлэн, Томскийн Улсын Судалгааны Их сургууль, Оросын ШУА-ын Кызыл дэх Байгалийн нөхцөл, нөөцийн Цогцолбор судалгааны Хүрээлэн, Эрхүүгийн УИС, Газарзүйн Факультеттай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээний үндсэн дээр ирэх жилээс хамтран олон улсын төсөл хэрэгжүүлэх, экспедиц зохион байгуулах, судалгааны орчин үеийн аргазүй эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боллоо.
Хурлын үйл ажиллагааны хүрээнд зарлагдсан “Миний эх орон” фото зургийн уралдаанд оролцсон бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс Геоэкологи-орчин судлалын тэнхмийн багш Ч.Оюундарийн “Хилийн манаанд гурванхүү” зураг, Газарзүйн тэнхмийн багш Н.Үржинбадамын “Хүн байгалийн хил” зураг, газарзүйн 2-р ангийн оюутан Н.Самдандоржийн “Хясаа уул” зургууд эхний байруудад шалгарсан байна. Гадаадын зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хот болон Чингисийн хөшөө цогцолбортой танилцуулж, оюутнууд ая дууны дээжээ өргөн барьлаа.