ОХУ-ын Воронежийн улсын их сургуулийн удирдлагууд МУИС-д айлчилан хамтран ажиллах талаар хэлэлцээр хийлээ. Энэхүү уулзалтад МУИС-ийн захирал А.Галтбаяр, Эдийн засаг, Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа нар болон Воронежийн их сургуулийн захирал Ендовицкий Дмитрий Александрович болон Эдийн засаг, Гадаад бодлого хариуцсан зөвлөх Асеев В.Н нар байлцлаа.
Уулзалтаар Воронежийн их сургуулийн төлөөлөл бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн бөгөөд Геологи, математикийн салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэйгээ энэ үеэр дурьдан хэлсэн юм. Түүнчлэн Воронежийн их сургууль Олон Улсын харилцааны факультетдаа МУИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой гэдгийг дурьдан хэллээ. Воронежийн улсын их сургууль болон Монгол Улсын Их сургуулийн төлөөллүүд хамтран ажиллах хэлэлцээр хийж уулзсан нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна.