МУИС-ийн Захирлын мэдээлэл

Share Button

MUIS

Өнгөрсөн долоо хоногт захирал, дэд захирлууд бүрэлдэхүүн сургуулиудын багш нартай уулзаж, МУИС-ийн үйл ажиллагааны гол чиглэл, түүний дотор бүтцийн өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо хуваалцсан нь үр дүнтэй ажил боллоо. Уулзалтын явцад гарсан саналуудыг нэгтгэн дүгнэлт хийсний үндсэн дээр удирдлагын багаас дараах шийдэлд хүрлээ.

1.    Мэдээллийн талаар

Зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй олон төрлийн мэдээлэл цацагдах нь хамт олны дунд үл ойлголцох байдал үүсэхэд хүргэж байна. Иймд мэдээллийг МУИС-ийн веб хуудас, СиСи мэдээллийн систем ашиглан шууд, шуурхай, ил тод хүргэх талаар онцгой анхааран ажиллаж бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн үйл ажиллагааны талаарх болон сургуулийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багш, ажилтнуудад тогтмол хүргэж, санал авах хэсэг ажиллуулахаар шийдэв. Цаашид сургуулийн үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж, мэдээллийг сургуулийн веб хуудсанд тогтмол байршуулж ажиллах болно.

2.    Бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн талаар

Багш нар бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа боловч хамт олны оролцоог хангаж, нээлттэй, ил тод явуулахыг хүсэж буйгаа илэрхийлж байсан. Мөн Удирдах Зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолоор сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан ба төслийг багш, оюутны оролцоог ханган боловсруулах үүргийг захирал А.Галтбаярт үүрэг болгосон.

Иймд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт захиргааны зүгээс санал болгосон жагсаалтыг дараах байдлаар өргөтгөн зохион байгуулахаар шийдлээ. Үүнд:

а) Бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр захирал, тэнхмийн эрхлэгч нараас бүрдсэн дэд хэсэг байгуулах,

б) Ерөнхий хороо ба дэд хэсэг хамтран хэлэлцсэний үндсэн дээр бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 2 хүртэлх хүний бүрэлдхүүнтэй төлөөлөл ажлын хэсэгт нэмж оруулах,

в) Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн  төсөл боловсруулах ажлын хэсэгт Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн хороо, Хамт олны зөвлөл, МУИСОХ-оос тус бүр 2 багш, ажилтан, оюутны төлөөлөл оруулахыг Удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхээр тогтов.

Захирал                                                       доктор А.Галтбаяр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар