МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын багш нар МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж “Дэмжих” бичгийг сургуулийн удирдлагуудад гардуулан өглөө. Уулзалтад МУИС-ийн Захирал А.Галтбаяр, ГХХА эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ, ЭЗХБодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа, Сургалтын асуудал эрхэлсэн дэд захиар Б.Очирхуяг болон Эдийн засгийн сургуулийн НББТ-ийн профессор Н.Тунгалаг, Д.Моломжамц, МОУХТ-ийн дэд профессор Б.Даваасүрэн, С.Бурмаа, ЭЗМЗТ-ийн профессор П.Оюунбилэг, Д.Баянжаргал байлцлаа.
Уулзалтын эхэнд багш нарын төлөөлөл МУИС бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон, бүтцийн өөрчлөлтийг багш нар чин сэтгэлээсээ дэмжиж байгаа гэдгийг удирдлагуудад сонордуулсан юм. Түүнчлэн багш нарын төлөөлөл сэтгэлийн дэм хайрлаж бүхий л зүйлээр туслах болно гэдгээ сургуулийн удирдлагуудад илэрхийлэн хэлж Багш нар МУИС-ийн өөрчлөлтийг цаг алдалгүй, эргэлт буцалтгүй хийх нь зөв гэж үзэж буй бөгөөд өөрчлөлтийн эрч хүчийг саармагжуулж болохгүй гэдгийг удирдлагуудад санууллаа.
Удирдлагуудын зүгээс Эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын бүх багш нарт баярлаж, талархаж байгаагаа илэрхийлэн хэлж өөрчлөлтийг тууштай хийх болно гэдгээ багш нарын төлөөлөлд уламжилсан юм.
Дашрамд дурьдахад МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаарх санал асуулгыг цахим мэдээллийн хэрэгслүүд явуулж байгаа билээ. Тухайлбал www.news.mn сайтаар бүтцийн өөрчлөлт хийх нь зөв үү гэсэн санал асуулга явуулахад 1085 хүн оролцсноос 86,5 хувь нь дэмжсэн үзүүлэлттэй гарсан байна. “МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх нь зөв үү” санал асуулгын мэдээллийг дараах линкээр http://www.news.mn/content/162687.shtml сонирхоно уу.