БНСУ-ын Гачоны Их Сургуулийн “Азийн Соёл Судлалын Хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулсан “Korean within Altaic language and Altaic language within Korean” нэрт олон улсын эрдэм шинжилгээний 23 дугаар бага хурал Сөүл хотноо болж БНСУ, АНУ, ОХУ, Монгол, Франц, ХБНГУ, Чех, Япон зэрэг улсын дэлхийд нэр хүндтэй алтай судлаач, эрдэмтэн мэргэд оролцож илтгэл айлтгал хэлэлцүүллээ.
Тус хуралд МУИС-ийн МХСС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, д-р М.Ууганбаяр, МСХ-гийн Гүйцэтгэх Захирал д-р Ж.Бат-Ирээдүй нар оролцож, хурлын үеэр тус хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Тус их сургууль нь 1938 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны төрөл бүрийн салбар тэр дундаа Азийн судлалын чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ хийдэг БНСУ-даа тэргүүлэх их сургуулийн нэг ажээ. Хурлын үеэр монгол, манж, солонгос судлалаар гарсан судалгааны бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, БНСУ-ын үе үеийн монголч эрдэмтэд, судлаачид өргөнөөр оролцлоо.
Хурлын үеэр тус их сургуулийн “Азийн соёл судлалын хүрээлэн”, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах гэрээ бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээний хүрээнд Солонгосын Кориа Газ Корпорациас санхүүжүүлж байгаа “Алтай” эрдэм шинжилгээний 10 жилийн хугацаатай төслийг хамтран хэрэгжүүлэх энэ хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээ хийх болон олон улсын хурлыг хоёр оронд тус бүр жил тутам зохион байгуулах, Солонгос Монголын багш, оюутан, эрдэмтэн судлаач урт богино хугацаагаар ажиллуулах, эрдэм шинжилгээний төрөл бүрийн хэвлэлүүд харилцах солилцох, зэрэг өргөн хүрээтэй ажиллах боломж нээгдэж байна.