Дээд боловсролын шинэчлэлийг эхлүүлсэн Монгол Улсын Их Сургууль нь сургуулийнхаа хэмжээнд либерал арт боловсролын технологийг сургалтандаа хэрэгжүүлэхээр 2013 оны 11 сараа хойш эрчимтэй ажиллаж байгаа билээ.
Улмаар байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны 3 салбарын 19 мэргэжлийн тэнхимийг нэгтгэж Шинжлэх ухааны сургуулийг байгуулсан юм. Шинэ бүтэц, шинэ зохион байгуулалтаар байгуулагдсан Шинжлэх ухааны сургуулийн сургалтын алба өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж оюутан залуустаа нэг цэгийн үйлчилгээг бий болгож байна.
Шинжлэх ухааны сургалтын алба нь бүтцийн өөрчлөлтөөс өмнөх 8 сургуулийн 80 гаруй хөтөлбөрийг хариуцан бакалавр, магистр, докторын 11000 гаруй оюутан, 500 гаруй багш нарт үйлчилгээ үзүүлэхээр дахин шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаад байгаа энэ юм.
Бүтцийн өөрчлөлтийн өмнөх бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албад тус бүрдээ 2-4 ажилтан ажиллаж байсан бөгөөд ажлын хуваарилалт, ачаалал жигд бус, зарим асуудлыг шийдвэрлэх зам нь тодорхой бус байдгаас багш, оюутныг чирэгдүүлэх явдал ихээр гардаг байсан. Дээрх бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж чадсан шинэ сургалтын алба нь 1-8 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ нарийвчилсан хуваарийн дагуу зохион байгуулж оюутанд зориулсан бүхий л үйлчилгээг мэдээлэл бүхий орчинд үзүүлэхээр болоод байна.
Сургалтын алба нь оюутанг сургуульд элсэн орохоор хүсэлт гаргаснаас эхлэн төгсөлтийн диплом, ромбо гардан аьах хүртэл сурч амьдрахад зөвлөгч, дэмжигч байж ажиллах болно гэдгийг сургуулийн удирдлагууд нээлтийн үеэр дурьдан хэллээ.