Бакалаврын түвшинд уул уурхай (5), цөмийн эрчим хүч (5), нисэхийн инженер (4), авто зам (2), автын тээвэр зохион байгуулалт (2), барилгын инженер (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна.
Бүртгэл
Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд өөрийн сурч байгаа мэргэжлийн дагуу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. Бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 10000 төгрөгийн хамт 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 10-16 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 219 тоот (Оюутанд үйлчлэх төв) өрөөнд ирүүлнэ үү.
Доктор: Докторантурын сургалтад 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрын зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй. Суралцахыг хүсэгчид нь иргэний үнэмлэх, бакалавр болон магистрын диплом, дүнгийн жагсаалт зэрэг бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт, эрдэм шинжилгээний нийтлэлийн жагсаалт, эрдмийн бүтээл зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Бүртгэлийг 2014 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 10.00-16.00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 219 тоот (Оюутанд үйлчлэх төв) өрөөнд ирүүлнэ үү. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалт
Бакалавр: Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалт нь математик, химийн шалгалт байх бөгөөд бүртгэлийн үед шалгуулагчийн суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч сонгоно. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.
Мэргэжлийн болон орос хэлний шалгалтыг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт авч, дүнг дараа өдрийн буюу 5 дугаар сарын 13-ны 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн чиглэл тус бүрээр мэргэжлийн болон орос хэлний шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан хяналтын тоонд багтсан оролцогчдыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ.
Доктор: Докторантурт суралцахаар бүртгүүлсэн иргэдийн бичиг баримтад үнэлгээ өгч дүнг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Шаардлагатай тохиолдолд оролцогчтой ярилцлага зохион байгуулна.
Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг Украин улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана.
Тэтгэлэгт хамрагдагч нь Украин хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай бол сургалтын төлбөр /1800-2300 ам.доллар/-ийг суралцагч өөрөө хариуцна. Үндсэн ангид суралцахад Украины тал сургалтын төлбөрийг хариуцах бөгөөд амжилттай суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
Бүртгэлд ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг буцаан олгохгүй.
Оюутанд үйлчлэх төв