МУИС-ийн Философи Шашин Судлалын тэнхмээс Философийн улсын олимпиадыг санаачлан өдгөө тав дахь жилдээ зохион байгууллаа. “Философи хүний эрхийн уулзварт”сэдвийн дор зохион байгуулагдаж буй оюутны бодол ухааныг сорьсон тэмцээн хүрээгээ тэлж Шинжлэх Ухааны Академийн Философи Социологи Эрхийн Хүрээлэн, Эмнести Интернэшнл зэрэг нэр хүндтэй байгууллагууд дэмжин ажилласан юм. Олимпиадад МУИС, ЭМШУИС, ХААИС, СЭЗДС-ийн оюутнууд цэцэн мэргэний толиор хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тольдон оролцсоноос I байрыг МУИС-ийн ШУС-ийн “Unite of science” баг эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, II байрыг ЭМШУИС-ийн “Их үйлсийн эзэд” баг эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, Шилдэг илтгэгчээр МУИС-ийн “Гүн” багийн гишүүн Суданчимэг шалгарч, Мэргэн санаа дэвшүүлэгчээр “Параллель” баг тодорлоо.
ЮНЕСКО-гоос философийн хичээлийг хүний эрхийг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн тохиромжтой хичээл болгон зарласан бөгөөд аливаа асуудалд үнэлэмжийн хүрээнд хандаж, хамгийн байж болох ухаалаг үндэслэгээг санал болгодогоороо, бас шүүн шинжилж бидний сэтгэлгээнээс ангид орхигдож болзошгүй зүйлийг ухааруулж өгдгөөрөө философи ямагт мэдлэгийн чухал хэлбэр болж байдаг.
Дэлхийн хүмүүс оршин буй газраа, орчлон ертөнцөө, ямар нийгмийн хүрээлэл дунд байгаагаа, юуны тулд амьдарч байгаагаа эргэцүүлэх зуур хүний эрхийн олон асуудлууд хөвөрч хүн бүхэн цор ганц байж болох хамгийн чухал зүйлийг хайсаар байдаг. Харин оршихуй, сонголт, бодит байдал, ёс суртахуун, жам ёсны эрхээс авхуулаад нийгмийн гэрээ, зүй ёс, ардчилал, амьд явахуй хүртэл олон асуудал философи хүний эрх хоёрыг нэгдэхэд хүргэсэн билээ.
Хүний эрх философи мэдлэгийн огтлолцол дундаас орчин цагийн залуус, эл асуудлын талаар мэдрэмжтэй байх, философи хийгээд хүний эрхэд онол, арга зүйн үүднээс ханддаг болгох, хүний эрхийг хүндэтгэн, зөв зохистой шийдлийг олж сурахад олимпиадын үнэлэмж зорилго оршиж байгаа юм.
Манай олимпиад жил бүр уламжлал болон зохиогдох бөгөөд оюутан залуус сэтгэлгээний цар хүрээ, соёлыг харах хараагаа тэлэн оролцож болох юм.