Монголын ууган, үндэсний хэмжээний их сургууль, дээд боловсролын шинэчлэлийг эхлүүлэгч, МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн 69 дэх удаагийн төгсөлтийн баяр Их эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр боллоо.
МУИС-ийг 2014 онд бакалавр, магистр, докторын зэрэгтэй дүүргэж буй нийт 4500 төгсөгчиддөө МУИС-ийн захирал А.Галтбаяр баяр хүргэж, эзэмшсэн мэдлэг боловсролоо ажил амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлж, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, улс эх орондоо ихийг бүтээх чадварлаг боловсон хүчин болохыг хүсэн ерөөлөө. Сургуулийн удирдлагууд шилдэг төгсөгчдөд ромбо диплом гардуулан өгөв.
Энэ жил МУИС-ийн Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөж байгаа 120 орчим оюутнууд хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг мөнгөө хуримтуулж, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн өртөгтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэгддэг зүрхний дефибириллятор аппарат бэлэглэсэн үйл явдал мөн энэ өдөр болж өнгөрлөө.
Улмаар их сургуулийн шинэ бүтцийн анхны төгсөгчид маань оюутны ширээнээс ихийг бүтээх итгэл, мэдлэг өвөрлөн амьдралын их сургууль руу алхаж буй энэ өдрийг сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, гэр бүл, анд нөхдийн хамт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.