Кориа Глобал сангаас зохион явуулсан “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум-2014 Улаанбаатар” уулзалт МУИС-ийн дугуй зааланд 6 сарын 23, 24 нд амжилттай боллоо. Дэлхийн Солонгос үндэстний 15-р форумд УИХ-ын гишүүн Г.Батхүү, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын дарга Ц.Батбаяр, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон Үндэсний Ассэмблейн гишүүн асан, Хүрээлэн буй орчны сайд асан Юүн Ёо Жүн, Шинэ улс төр, үндэсний нэгдлийн намын ахлах зөвлөх, “Peace Asia” байгууллагын зөвлөх Лий Бү Ёнг нар болон бусад эрдэмтэд, багш нар, профессорууд оролцлоо.
Уг форум нь анх 2000 онд Нью-Иорк хотноо зохион байгуулагдаж гараагаа эхэлснээс хойш 2001 онд Хирошима (2 дугаар форум), 2002 онд Лос-Анжелес (3 дугаар форум), 2003 онд Берлин (4 дүгээр форум), 2004 онд Вашингтон (5 дугаар форум), 2005 онд (6 дугаар форум) НҮБ, 2006 онд (7 дугаар форум) Москва, Санкт-Петербург хотуудад, 2007 онд Бээжин (8 дугаар форум), 2008 онд (9 дүгээр форум) Токио, 2009 онд (10 дугаар форум) Сөүл, 2010 онд Брюсель (11 дүгээр форум), 2011 онд Сидней (12 дугаар форум), 2012 онд (13 дугаар форум) Манила, 2013 онд Ванкувр хотноо (14 дүгээр форум) тус тус зохион байгуулагдаж, дотоод гадаадын алдар цуутай эрдэмтэн мэргэжилтнүүд, манлайлагчид хуран цуглаж, Солонгос үндэстэн, Солонгосын хойгийн олон улсын энх тайвны хэлэлцээр, хэтийн хараа чиглэлийн асуудлыг хэлэлцэх талбар болгон урт аянаа үргэлжлүүлсээр иржээ.
Энэ удаад Улаанбаатар хотод “Солонгос үндэстэн, Солонгосын хойгийн бие даасан нэгдлийн төлөөх Умард, Өмнөд Солонгосын шинэ эрин үеийг хамтдаа нээцгээе” уриан дор Солонгосын хойг дахь тогтворгүй байдлыг арилгах, Умард, Өмнөд Солонгосыг тайван замаар нэгтгэх, хамтын ажиллагаа явуулах арга зам, боломжийг эрэлхийлэх зорилготой зохион байгууллаа.
Дэлхийн Солонгос үндэстний форумыг 2015 онд Английн Лондон хотод зохион байгуулах юм байна.