ХБНГУ-ын Leuphana их сургуулийн профессор Улрич Гунтер МУИС-д зочилж, захирал С.Төмөр-Очиртой уулзлаа. Тэрбээр хоёр жилийн өмнө хуучин нэрээр Худалдааны үйлдвэрлэлийн дээд сургуульд шинээр нээсэн бизнесийн сэтгэл зүйн мэргэжлийн ангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хоёр их сургууль салбар нэгжийн түвшинд олон чиглэлээр үр бүтээлтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Leuphana их сургууль нь эдийн засаг, багш сурган хүмүүжүүлэх ухаан, байгаль орчин, олон нийттэй харилцах соёл, урлаг зэрэг чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа азиин орнуудын их сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлж байгаа аж.