Айл болон галынхаа цучилыг бадраагаад хорин намрыг ардаа үдэж буй МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль ойн баяраа тэмдэглэлээ. Энэ сарын 21-нд болсон ёслолын арга хэмжээнд МУИС болон бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд, ахмад дипломатчид, ГХЯ-ны албаны төлөөлөгчид, тус сургуулийн хүндэт доктор цол хүртсэн гадаад улсын эрдэмтэн докторууд болон үе үеийн төгсөгчид нь хүрэлцэн ирж, халуун баяр хүргэлээ.
Өнгөрсөн он жилүүдэд 2233 бакалавр, 176 магистр, 11 докторыг төрүүлэн гаргасан ОУХС нь өнөөдөр дэлхийн 70 гаруй дипломат академи, олон улсын харилцааны их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлж, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүнд бүхий сургалт судалгааны томоохон төв болон хөгжжээ. Нийгмийн бүхий л салбарт амжилттай гялалзаж буй төгсөгчдөөрөө бахархдаг эдний хамт олон цаашид улс орны хөгжлийн өнөөгийн эрх ашиг, шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж, улмаар Монгол улсын гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах зорилго тэмүүлэл дүүрэн ажиллаж байна.