2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын монгол хэлний бэлтгэл ангийн анхан, дунд, гүнзгий түвшний 7 анги(А-1, А-2, А-3, А-4, Д-1, Д-2, Г-1, Г-2)-д ОХУ, БНХАУ, Япон, Франц, Польш, БНСУ, БНАСУ, БНЧУ, Мексик, Вьетнам, Лаос, БНСКУ(Конго) зэрэг 10 гаруй орны 100-аад оюутан суралцаж байна.
Монгол хэл сурч буй гадаад оюутныг монгол хэл идэвхтэй суралцахад уриалах, сурсан мэдсэнээ хөгжүүлэхэд нь дэмжиж туслах зорилгоор тус сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс “Гадаад оюутны урлагийн бага наадам”-ыг зохион явууллаа.
Урлагийн бага наадмыг
- Монгол дуу хэн сайн дуулах вэ? (гоцлол дуу)
- Монгол дуу хэн сайн дуулах вэ? (хамтлаг дуу)
- Жүжигчилсэн тоглолт гэсэн төрлөөр зохион явуулж дүгнэлээ.
“Монгол дуу хэн сайн дуулах вэ?” гоцлол дууны төрөлд:
- Тэргүүн байр – А-3 ангийн оюутан, БНАЛАУ-ын иргэн Фетапони (Гэрэлбат) “Хүлээлт” дуу,
- Дэд байр– Г-2 ангийн оюутан, БНСУ-ын иргэн Шинь Юэл(Ганаа) “Гурван найз” киноны дуу,
- Гутгаар байр – А-1 ангийн оюутан, БНСУ-ын иргэн Ий Жүнсү (Зоригоо) “Нэг л тогтворгүй байх чинь” дууг тус бүр сайхан дуулж, эхний гурван байр эзэллээ.
“Монгол дуу хэн сайн дуулах вэ?” хамтлаг дууны төрөлд:
- Тэргүүн байр – Г-2 ангийн оюутнууд Битлз хамтлагийн “Өчигдөр” дуу (монгол орчуулгаар),
- Дэд байр– Д-1 ангийн оюутнууд “Аяны шувуу” дуу,
- Гутгаар байр – Д-2 ангийн оюутнууд, “Сарны хүн” дууг дуулж, эхний гурван байр эзэллээ.
Анхан түвшний суралцагчдын дундах “Жүжигчилсэн тоглолт”-ын төрөлд:
- Тэргүүн байр – Б. Баяртуул багштай А-2 ангийн оюутнууд “Хар тамхины эсрэг” сэдэвт зохиомж,
- Дэд байр– С. Саруулцэцэг багштай А-3 ангийн оюутнууд “Ах дүү долоон оготно” үлгэрийн сэдэвт зохиомж,
- Гутгаар байр – Б. Сарантуяа багштай А-1 ангийн оюутнууд “Ах дүү хоёр” зохиомжоор тус тус жүжигчлэн тоглож, эхний гурван байр эзэллээ.
Ахисан түвшний суралцагчдын дундах “Жүжигчилсэн тоглолт”-ын төрөлд:
- Тэргүүн байр – Т. Эрдэнэ-Очир багштай Г-2 ангийн оюутнууд “Үнсгэлжин” сэдэвт зохиомж,
- Дэд байр – Ц. Сувд багштай Д-2 ангийн оюутнууд “Хумбуу, Нульбуу хоёр” сэдэвт зохиомж,
- Гутгаар байр – Ч. Баттулга багштай Д-1 ангийн оюутнууд “Азар, Базар, Тазар гурав” үлгэрийн сэдэвт зохиомжоор жүжигчлэн тоглож, эхний гурван байр эзэллээ.
Урлагийн бага наадамд идэвх санаачлагатай оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Шүүгчээр ажилласан Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш А. Одгэрэл, Оюутанд үйлчлэх төвийн мэргэжилтэн Чинзориг, “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогч, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол-Англи судлалын ангийн оюутан Солонго нарт талархал илэрхийлье.