Монгол Улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ болоод удирдлагууд их сургуулийн түүхэнд ажиллаж сургалт судалгааны их үйлсэд үнэлж барамгүй их хувь нэмэр оруулсан үе үеийн удирлагуудаа хүлээн авч хүндэтгэлийн зоог барьлаа.
МУИС-ийн үе үеийн захирлууд
Уулзалтын үеэр сургуулийн захирал Р.Бат-Эрдэнээс цөөн зүйл тодруулсан юм.
Р.Бат-Эрдэнэ: МУИС Азийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болно
-МУИС-ийг удирдаж байсан эрдэмтэн багш нар уулзалдлаа. Ямар онцлогтой, ямар үр дүн гаргасан уулзалт болов?
-Надаас өмнө захирлаар ажиллаж байсан таван хүн байна. Энэ хүмүүсээс өнөөдөр ажил давхацсан А.Галтбаяр захирал ирж амжсангүй. Өнөөдөр ирсэн хүмүүсээс хамгийн ахмад нь 1989-1996 онд захирлаар ажиллаж байсан Д.Дорж багш байна. Д.Дорж захирлын дараа 1996-2009 онд Ц.Ганцог багш ажилласан байна. Дараа нь С.Даваа захирал, С.Төмөр-Очир багш захирлаар, миний өмнө 2013-2015 онд А.Галтбаяр захирал ажилласан байна. МУИС-ийг тухайн үедээ Монгол Улсын нийгэм оюун санааны амьдралд тэргүүлж байсан хүмүүс удирдаж байсан. Анхны захирал Т.Машлай гуайгаас эхлээд Б.Ширэндэв, Д.Цэвэгмид, Н.Содном, Ж.Батмөнх, О.Шагдарсүрэн гээд мундаг хүмүүс МУИС-ийг удирдаж явжээ. МУИС-ийн хөгжил шинэ шатанд шилжиж байгаа цаг үед энэ хүмүүсээс бодол санааг нь сонсч, зөвлөмж авах уулзалт боллоо.
-Сургуулийг удирдаж явсан хүмүүс ер нь ингэж уулзаж, ажил төрөл ярих уу?
-Өмнө нь үе үеийн захирлууд уулзсан гэж захирлууд маань сая ярьсангүй. Мэдээж янз бүрийн байдлаар уулзсан байж таарна. Би захирлын албыг авснаас хойш бол анх удаа уулзаж байна. Энэ төрлийн уулзалтыг цаашдаа албан болон албан бус хэлбэрээр үргэлжлүүлнэ гэж ярилцлаа. Ийм яриа болохын гол үндэс нь өнөөдөр УИХ Боловсролын хууль, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Засгийн газраас санал болгосон хуулийн нэг гол санаа нь их сургуулийн бие даасан байдлыг хуульчилж баталгаажуулахтай холбоотой.
-Бие даасан байдал гэж юуг хэлж байна вэ?
-Их сургууль бол шинэ мэдлэг түгээдэг, бий болгодог нийгмийн гол үндэс байгууллага. Мэдлэгийг шинээр байгуулна, мэдлэгийг шалгана гэдэг бол өөрөө янз бүрийн нөлөөнөөс ангид байж бодитой болдог зүйл. Ийм учраас их сургууль мэдлэгийн байгууллага байя гэвэл аливаа ашиг сонирхлоос тусдаа байх ёстой. Үүнийг хуульчлан баталгаажуулах заалтууд Боловсролын хуульд яригдаж байна. Эрдмийн эрх чөлөө, эрдмийн эрэл хайгуул мөнгө хөрөнгө, үзэл суртал, өөр бусад ашиг сонирхлоос хараат бус байх ёстой. Байгууллагынх нь хувьд шийдвэрээ гаргадаг үйл явц нь хараат бус байх, зөв бүтэц бий болгох заалтууд УИХ дээр яригдаж байгаа. МУИС хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Гэхдээ сургуулийн хөгжлийн асуудлаар гол үндсэн шийдвэр гаргадаг байгууллага нь Удирдах зөвлөл байдаг. Энэ хүмүүсийг яаж бүрдүүлж, яаж хараат бусаар ажиллуулах талаар захирлуудтайгаа сая санал солилцлоо.
-МУИС-ийн стратегийн баримт бичгийг саяхан баталсан гэж дуулсан. Сургуулийн ойрын болон дунд хугацааны зорилгыг ямар байдлаар дэвшүүлсэн бэ?
-Оны өмнө одоогийн МУИС-ийн удирдах зөвлөл маань дараагийн 10 жилд их сургуулийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг баталсан. МУИС энэ арван жилийн хугацаанд Азийн шилдэг 100 сургуулийн нэг болсон байна гэж тодорхойллоо. Манай сургууль Азийн тэргүүлэх үзүүлэлтийг хараахан хангаагүй байгаа. Эрдэм шинжилгээний байгууллагын гол гаргаж байгаа бүтээгдэхүүн бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үр дүн байх ёстой. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл нь эрдмийн бүтээлүүдийн гол шалгуур болж байгаа. Энэ үзүүлэлтээр бид улс дотроо тэргүүлэх эгнээнд явж байгаа ч, олон улсын том сургуулиудтай харьцуулбал харьцангуй чамлалттай үзүүлэлт гаргаж байгаа. Энэ нь өөрөө их сургуулийн судалгааны бааз, их сургуулийн эрдэмтдийн судалгааны ажилд зарцуулах цаг боломж зэрэг олон юмнаас хамаарч байгаа. Тиймээс Монгол Улсын их сургууль гэдэг утгаараа хамгийн авьяас чадвартай хүмүүс ирж ажилладаг боломжийг бүрдүүлэх ёстой. Хамгийн авьяастай хүүхдүүд МУИС-д сурдаг боломжийг бүрдүүлэх ёстой. Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд хил хязгаар тогтоолгүй хамгийн авьяастай хүүхдүүдийг элсүүлдэг боллоо. Харвард, Стэнфорд, Массачуссетс, Иелийн их сургуулиудад монгол хүүхдүүд сурч байна. Энэ хүүхдүүд ирж суралцдаг, хилийн гаднаас зорьж сурдаг эрдмийн байгууллага байх ёстой юм. Тэр чиглэл рүү МУИС-ийн стратеги маань батлагдсан.
МУИС-ийн үндсэн суурь тавигдсан түүх
БНМУ-ын СнЗ-ийн 1940 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 45-р тогтоолоор Монгол Улсын Университет (МУИС) байгуулах шийдвэр гарч 1942 онд МУИС мал эмнэлэг-зоотехник, хүн эмнэлэг, багш нарын факультет гэсэн 3 салбартайгаар нээгдэж байв. Анхны хичээлийн жилд анагаах ухаан, зоотехник-мал эмнэлэг, багш нарын гурван, факультет 93 оюутан, бэлтгэл анги 53 оюутантайгаар хичээллэж эхэлсэн түүхтэй. 1942 оны 10 дугаар сарын 18-нд МУИС-ийн ректорын анхны тушаал гарч нэр дурдсан гурван факультетэд суралцах оюутныг баталж, ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтэн багш, илгээсэн лаборатори тоног төхөөрөмж, сурах бичгийн үндсэн баазыг ашиглан улсын университетын анхны хичээл эхэлж байсан түүхтэй. Улсын университетын анхны гурван факультет мал эмнэлэг, тоо физик, органик хими, органик бус хими, анатоми гэсэн 7 тэнхимтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан юм.
1942 оноос хойш МУИС-ийн удирдлагад дараах нэр бүхий эрхэмүүд ажилласан байна.
Үүнд:
- Түнжийн Машлай /1942-1944/
- Базарын Ширэндэв /1944-1953/
- Дондогийн Цэвэгмид /1953-1959/ – /1967-1972/
- Намсрайн Содном /1959-1967/ – /1973-1982/
- Жамбын Батмөнх /1972-1973/
- Осорын Шагдарсүрэн /1982-1989/
- Дайчаагийн Дорж /1989-1996/
- Цэрэнсодномын Ганцог /1996-2009/
- Сүрэнгийн Даваа /2009—2010/
- Санжбэгзийн Төмөр-Очир /2010-2013/
- Артбазарын Галтбаяр /2013-2015/
МУИС-аас төрөн гарсан соёл, шинжлэх ухаан, боловсролын нэр хүндтэй ариун үйлсэд өөрийн билэг чадвараа зориулсан ахмад, дунд залуу үеийн эрдэмтэн багшийн ажил амьдрал бүтээл туурвил хойч үеийхэнд үеийн үед үлгэр жишээ болох нь дамжиггүй юм.