Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “COP17-Залуучуудын загвар хуралдаан” 2 өдрийн турш үргэлжлэн өнөөдөр /2026.03.05/ хаалтаа хийлээ.


Хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд, COP17 -Хамтын ажиллагааны дэд хорооны нарийн бичгийн дарга С.Саруул-Ухаан нар оролцон үг хэлж шилдэг 60 оролцогчид батламж гардууллаа.



Загвар хуралдааны төлөөлөгчид болсон шилдэг 60 оролцогч хоёр өдрийн турш цөлжилт, газрын доройтлын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэл хүлээн авч, багаар ажиллан, судалгаа шинжилгээ хийж, олон улсын дипломат харилцаа болон хэлэлцээрийн нарийн төвөгтэй явцыг өөрийн биеэр мэдэрч, илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлэн, санал санаачилга гаргаж идэвхтэй оролцсон юм.


“COP17-Залуучуудын загвар хуралдаан”-д Монгол орны өнцөг булан бүрээс шалгаран оролцсон шилдэг 60 оролцогч “СОР17-д Монголын залуучуудын хүргэх уриалга”-ыг батлан гаргасан бөгөөд Хуралдааныг даргалагч УТСОУХНУС-ийн суралцагч У.Сарнай уншиж танилцууллаа.

Энэхүү уриалгыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүргэх болно.

“COP17-Залуучуудын загвар хуралдаан”-ы Шилдэг багаар Армени Улсыг төлөөлөн оролцсон Ш.Амгаланбаяр, П.Ариунжаргал, Б.Энхтамир, С.Болорсарнай, Д.Болормаа нар шалгарч Нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Шилдэг оролцогчоор З.Анхзаяа /Өвөрхангай аймгийн Хужирт сум/ шалгарч 500.000 төгрөгөөр шагнууллаа.

Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулсан COP17-Залуучуудын загвар хуралдаанд мэдлэг, хариуцлага, манлайлал, ирээдүйдээ эзэн байх чин хүслээрээ манлайлан оролцсон шилдэг 60 оролцогчдодоо баяр хүргэж, сурлага, судалгаа, нийгмийн идэвх санаачилгад өндөр амжилт хүсье.

