Монгол Улсын Их Сургуулийн профессор багш нарт

Share Button

2017 оны 1 дүгээр сарын 12.

Монгол Улсын Их Сургуулийн 2016-2024 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөнд МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулж, нийгэмд шинжлэх ухааны мэдлэгээр үйлчилдэг манлайлагч байгууллага болгох тухай зорилтыг тод томруун тусгасан. Шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээж, түгээн дэлгэрүүлж, нийгмийг гэгээрүүлэн, иргэдэд шинжлэх ухааны нотолгоо, баримтанд тулгуурласан мэргэжлийн мэдээлэл, үнэлэлт дүгнэлт өгч, нийгэмд үйлчлэх нь Монгол Улсын эрдмийн төв байгууллага – МУИС-ийн үе үеийн профессор багш нарын нэр төртэй гүйцэтгэж ирсэн эрхэм хүндтэй үйлс билээ. Энэхүү уламжлалыг бататгаж, хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт бүртгэгдсэн шинэ соргог мэдлэгийг МУИС-ийн профессор, багш нарын өндөр мэдлэг, сонирхолтой тайлбартайгаар нийгэмд таниулан сурталчлах мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэхийг өнөөгийн цаг үе бүр ч ихээр шаардаж байна.

МУИС-ийн профессор, багш нарын дотор олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг энгийн ойлгомжтойгоор хялбаршуулсан байдлаар тайлбарлаж өгөх чадвартай хүмүүс цөөнгүй байдаг боловч ийм авьяастны эгнээг тэлж, танин мэдүүлэх үйл ажиллагааг өргөтгөх нийгмийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Нийгэмд мэдлэгээр үйлчлэх үүргээ биелүүлэх, өсвөр залуу үеийнхэнд шинжлэх ухааныг шимтэн сонгох сонирхлыг хөгжөөхийн тулд МУИС-ийн багш нар өөрсдийн мэргэшсэн салбарын мэдлэгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлах чадвараа хөгжүүлэхэд нь дэм болох үүндээс МУИС-ийн бүх багш нарыг дараах чиглэлийн аль нэгээр эссе бичиж 2017 оны 2 дугаар сарын 10-ны дотор president@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсч байна. Үүнд:

  • Тухайн шинжлэх ухааны салбарт өнгөрсөн (2016) онд дэлхийд ямар томоохон ахиц дэвшил гарав, тэр нь ямар учир холбогдолтой болох талаар
  • Тухайн шинжлэх ухааны салбарт өнгөрсөн (2016) онд манай улсад ямар томоохон ахиц дэвшил гарав, тэр нь ямар учир холбогдолтой болох талаар
  • Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ойрын ирээдүйн төлөв байдлын талаар
  • Таны судалгааны чиглэлд хамаарах сургалтын хөтөлбөрийн агуулга 2016 оны байдлаар дэлхийн болон манай их сургуулиудын хувьд ямар төлөв байдалтай байгаа талаар.

Уг эссе бичвэрийн шрифтийн хэмжээ 11, мөр хоорондын зай “single”, А4 цаасны 4 нүүрнээс хэтрэхгүй байх бөгөөд өөрийн байгуулсан (бэлэн зураг хувилан ашиглах бус) график, схем, дүрслэл ашигласан байж болно. Зохиогч өөрийн нэр, сургууль тэнхмийн харьяалал болон өөрийн талаар мэдүүлэхийг хүссэн мэдээллээ тодотгон хавсаргаж өгөхийг хүсье.

Сургалт, судалгааны өндөр ачаалалтай ажиллаж буй профессор, багш та бүхний цагаас багагүйг зориулах шаардлагатай хэдий ч шинжлэх ухаан, технологийн ярвигтай мэдлэгийг олон нийтэд тайлбарлах чадвараа хөгжүүлэх, өөрийн судалгааны чиглэлээр залгамж халаа болох хүүхэд залуучуудын сонирхлыг татах, нийгэмд үйлчлэх үүргээ биелүүлэх боломж гэж харвал зохилтой. Та бүхний бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэн түгээж, шилдэг эссег шалгаруулан урамшуулна.

Жич: Өнгөрсөн жил багш нараас ирүүлсэн эссег дараах холбоосоор үзнэ үү: https://news.num.edu.mn/?p=33370

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар