МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (ТАВАН БОТЬ) номын нээлт боллоо

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд 2016 онд “Монголын эртний түүх” (таван боть) төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ төслийн хүрээнд, Монголын эртний улсуудын түүхийг 5 ботиор бичив. Үүнд,

  • “Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан
  • “Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал
  • “Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат
  • “Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга
  • “Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн.

“Монголын эртний түүх” (таван боть) бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь  анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой аж.

Мөн Монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан Уг түүхэн бүтээлд Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (ТАВАН БОТЬ) БҮТЭЭЛИЙН ШИНЭЛЭГ ТАЛ, ОНЦЛОГООС ДУРДВАЛ:

  • Арга зүйн хувьд, Европт төвт түүх бичлэгийн уламжлалт тогтсон хандлагаас татгалзаж, шинэлэг арга зүйн үүднээс  монголын эртний улсуудын Евразийн түүхэнд эзлэх байр суурийг бодитой гаргахыг хичээсэн оролдлого юм.
  • Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны монголчууд, Хятан гүрний түүхийг цогцоор нь шинэлэг арга зүй, монгол төвтэй концепцийн үүднээс бичиж, нэгтгэн дүгнэсэн.
  • Монголын эртний улсуудын хаадын угсаа залгамжлалыг бүрэн гаргаж, төрийн залгамж чанар, улс төрийн түүхийг цогцоор нь авч үзэн, дараах шинэ дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд: 
  1. Монгол нутагт НТӨ V-IV зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төр улсууд анх байгуулагдсан гэдгийг нотолсноор Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан.
  2. Сяньбийн нэгдсэн улс задарсны дараа Умард Хятадад байгуулагдсан Муюн сяньбийн Янь улсууд, Түгүхүнь сяньбийн Түгүхүнь улс, Табгач сяньбийн Умард Вэй, Цифү сяньбийн Баруун Цинь улс, Түфа сяньбийн Өмнөд Лян улс зэрэг Сяньби угсааны улсуудын түүхийг тодруулснаар Сяньби улс НТ II зуунаас VI/VII  зуун хүртэл оршин тогтнож байсан гэдгийг нотолсон.
  3. Монгол нутагт оршин байсан Түрэгийн улс төрийн түүхийг шинээр үечилж, Түрэгийн түрүү болон хожуу хаант улсын хооронд буюу 628-690 онд Сеяньто, Уйгурын түрүү хаант улс оршин байсныг тодруулсан.
  • Төр-нийгмийн байгууллын хувьд, Монголын эртний улсууд нь гадаад хэлбэрийн хувьд эзэнт гүрний зохион байгуулалттай боловч, нийгмийн дотоод зохион байгуулалт нь “овог аймгийн нийгэм”-тэй байсан хэмээн үздэг өрнөдийн “нийгмийн хувьслын онол”-ын үзэл баримтлалыг няцаан, эртний улсуудын нийгэм нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан төрт улсууд байсан гэдгийг нотолсон.
  • Эртний улсууд (Хүннү, Сяньби, Жужан, VI-XII зууны Монголчууд, Хятан)-ын угсаа гарвалыг судлан, Монголчуудын угсаа гарвалын тогтолцоог нэгтгэн гаргасан. Ялангуя, Түрэг, Уйгурын үеийн жинхэнэ монголчууд болох “Гучин Татар”, “Есөн Татар”-ын түүхийг тодруулснаар Монгол угсаатны угсаа-соёл, түүхийн залгамж холбоог гаргасан.
  • Эртний улсуудын аж ахуй, соёл, түүний залгамж холбоог судлан, аж ахуй-соёлын Монгол хэв шинж байгааг тодоруулсан.
  • Эртний нүүдэлчид, монголын эртний улсуудын түүхэнд холбогдох хятад сурвалжийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн зэргийг дурьдаж болно.

“Монголын эртний түүх” таван боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж, ахмад эрдэмтдийн залгамж халаа болсон нэгэн шинэ үе төрөн гарсныг харуулж байна.

Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар