МУИС-ийн стратегийн тэргүүлэх чиглэлд заасан “Шинэ мэдлэг бий болгох, шинжлэх ухааны мэдлэг ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, нийгэмд чиглэсэн үйлчилгээ нэмэгдүүлэх замаар их сургуулийн нэр хүнд, нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн үйл ажиллагааг МУИС-ийн харьяа БЭЛАС, Экологийн боловсролын төв гүйцэтгэдэг.
МУИС-ийн Экологийн боловсролын төвийг 1957 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор Залуу байгальчдын төв станц нэртэйгээр байгуулжээ. Олон нийтэд экологийн боловсрол олгох зорилгоор 1998 оноос МУИС-ийн харьяа байгууллага болгосон бөгөөд танин мэдэхүйн өртөөлсөн аяллаа 2014 оноос эхлүүлж БҮХ НИЙТЭД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА.
Тус төв нь экологийн сургалт явуулах, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаатай клуб ажиллуулах, экологийн интернет мэдээлэл, ном сурах бичиг, гарын авлага, радио теле хичээл заах зэрэг өргөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс гадна бүх шатны сургуулиудын экологи, байгалийн ухааны хичээл заадаг багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, төгсөлтийн дараах сургалт, зуны зуслан сургалт, бүх нийтэд зориулсан байгаль орчны сэдэвт кино өдөрлөг, хөдөө орон нутагт экологи байгалийн ухааны сургалтыг мэргэжил дээшлүүлэх хэлбэрээр явуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тус төвийнхөн 15-100 хүн хүлээн авч, аялуулдаг 40 өртөөтэй бөгөөд
- Ажилсаг чийгийн улаан
- Байгалийн массаж
- Цагийн урсгал
- Чимээгүйн чимээ
- Үүрийн аялал
- Жилийн цагираг
- Ан амьтдын музей
- Хөл доорх ертөнц
- Шидэт толь гэх мэт нэрлэсэн өртөөнүүдээс сонгон хүмүүс насныхаа онцлогт тохируулан тавыг нь сонгож, хоёр цаг орчим байгаль эх дэлхий мод сөөг, ургамалтай танилцан аялах боломжтой юм. Өртөөнүүдийн зарим нь танхимд, үлдсэн нь байгальд байдаг.
Өвлийн улиралд тус төвийн ажилтнууд дотор байрлах музей, хүлэмжээ хүмүүст танилцуулж, танхимын бусад үзүүлэн, материалтай уялдуулан танин мэдэхүйн хичээл заадаг бол урин дулаан цагт 30 гаруй зүйлийн 3500 гаруй модлог ургамалтай цэцэрлэгт хүрээлэнгээр аялуулж, уул хад, ой мод, гол шугуйд очиж, экологийн боловсролыг хүүхэд багачууд болон байгууллага хамт олон олгож байна.
Цэцгийн хүлэмж
320 м2 талбай бүхий, жилийн дөрвөн улирал ажилладаг өвлийн хүлэмжтэй бөгөөд энд 70 орчим зүйлийн 50 гаруй тасалгааны ургамлыг ургуулан борлуулж байна. Уг хүлэмжид дөрвөн өнгийн сарнайн бут, лимон, монгол царс, арш зэрэг өвөрмөц, ховор ургамлууд ургаж байна. Уг хүлэмжийн үйл ажиллагаа жилийн турш үргэлжилж тасалгааны цэцэг тарих, арчлах талаар иргэдэд үнэгүй зөвлөгөө, зөвлөмж өгдөг.
Цэцэрлэгт хүрээлэн
0,9га бүхий Экологийн цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд уг хүрээлэнг ЭБТ-ийн хамт олон Япон улсын ЖиНСИ байгууллагын санхүүжилтээр шинээр байгуулж, ногоон байгууламжийн үндсэн төв, бичил цэцэрлэг болгон тохижуулсан юм. Цэцэрлэгт Монгол орны шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэнийн 30 орчим зүйлийн 3500 гаруй мод мөөг ургаж байна. Бид цэцэрлэгт хүрээлэнгээ түшиглэн хүүхэд, залуус, олон нийтэд таних мэдэхүйн сургалт зохион байгуулдгаас гадна мод тарих, арчлах талаар байнгын үнэгүй зөвлөгөөг өгч байна.
Экологи-Байгалийн музей
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон их дээд сургуулийн оюутнуудын сургалт, дадлагын бааз болох экологи-байгалийн музей нь Монгол орны бүх экосистемийн онцлог, төлөөлөгчдийг хамруулсан 300 орчим амьтны үзмэртэйгээс гадна гадаадын орноос бэлэглэсэн матар, тогос далайн хав зэрэг хосгүй үзмэртэй. Манай экологийн боловсролын төв нь цэцэрлэгийн наснаас эхлэн бүх насны хүүхэд, насанд хүрэгчид, иргэд аж ахуйн нэгж, ЕБС-ийн багш нар, төрийн болон төрийн бус байгууллагад экологийн боловсрол олгох өртөөлсөн үйлчилгээ үзүүлнэ.
Экологийн боловсролын төвийн “Бодитоор мэдэрье” байгаль орчны танин мэдэхүйн өртөөлсөн сургалт ажлын өдрүүдэд, өдөр бүр явагдана. Тасалбар 1 хүн 3000 төгрөг. ЕБС-ийн 3-аас дээш ангийн суралцагчид болон оюутан, байгууллага хамт олныг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://eecbehs.num.edu.mn/?page_id=1315&op=eko
Харин “Амьд байгалийг аль ч цагт” музей болон цэцгийн хүлэмжтэй танилцах аялалд ЕБС-ийн 1,2-р ангийн суралцагчид болон цэцэрлэгийн анги бүлгүүд хамрагдаарай. Тасалбар 1 хүүхэд 1000 төгрөг. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://eecbehs.num.edu.mn/?page_id=1332&op=eko
Захиалга авах утас: 99876573, 96667803, 99188525
Байрлал: 11-р хороолол, Ардчиллын ордны зүүн хойно