75 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй МУИС-д Eрөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Сүхбаатарын одон гардууллаа. Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжиж ирсэн.
Энэхүү түүхт ойг тохиолдуулан Eрөнхийлөгч Х.Баттулгын 10 дугаар сарын 5-ны зарлигаар Монгол Улсад дээд боловсролын үндсийг тавьж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан МУИС-ийн үe, үeийн ажилчид, багш нар, төгсөгчдийн хөдөлмөрийг үнэлж МУИС-д Төрийн дээд Сүхбаатарын одон хүртээв.
Зарлигт “Монгол Улсад дээд боловсролын системийн үндсийг тавьж, дээд боловсролтой мэргэжилтнийг анхлан бэлтгэн, шинжлэх ухааны олон салбарт сургалт, судалгааны ажлыг эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлж, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, оюутан, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” хэмээв.